Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг малчдын оролцоотой хамгаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-03 22:12:16
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон нийтийн оролцоотойгоор соёлын өвийн хяналтыг бий болгох ажил Өвөрхангай аймагт үр дүнтэй хэрэгжиж байна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг харж хамгаалах, шаардлагатай үед холбогдох газарт мэдээлэл хүргэх, айл саахалтындаа соёлын өвийг хадгалж, хамгаалах талаар боловсрол олгох ажлыг орон нутгийн 400 орчим малчин иргэн сумын удирдлага, Соёлын хэлтэстэй гэрээ байгуулан хийж байна.
Тус аймагт түүх, соёлын үл хөдлөх 6619 дурсгал байдаг бөгөөд 90 гаруй хувийг нь 1500-2000 жилийн тэртээх булш, хиргисүүрүүд эзэлдэг аж. Булш хиргисүүрүүдийн дийлэнх нь МЭ-ний VII зуунд амьдарч байсан Түрэг угсаатны тахил, тайлгын байгууламжууд юм.
Нүүдэлчин ард түмний дунд нас барсан хүмүүсээ газарт булшлан оршуулахаас гадна тахилга тайлгын зориулалт бүхий байгууламжийг тусад нь барьж тахилга өргөх зан үйл үйлддэг байсан бөгөөд Өвөрхангай аймаг дахь булш, хиргисүүрийн ихэнх нь дээрх зорилгын хүрээнд бий болсон. Тиймээс үүнийг энэ хиргисүүрийг ухлаа гэхэд малын яс, үс, шашны хэрэгслээс өөр зүйл гарахгүй гэдгийг нутгийн иргэдэд ойлгуулан сурталчилж байна.
Малчин ардыг соёлын өв хамгаалагчаар урамшуулан ажиллуулах аргыг зөвхөн Өвөрхангай аймагт хэрэгжүүлдэг бөгөөд Малчдыг жилийн 100 мянган төгрөгөөр урамшуулдаг байна. Малчдын оролцоотойгоор 16 холбогдогчтой зургаан удаагийн гэмт үйлдлийг илрүүлж, найм хүртэлх сая төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. 
Дашрамд дурдахад Өвөрхангай аймагт түүх, соёлын үнэт дурсгалууд олон байдгийн нэг нь Богд сумын нутаг Мухар ам хэмээх газрын олдворууд юм. Энд төв Ази ялангуяа Монголын нутаг дэвсгэрт хүний дээд овог амьдарч байсан гэх нотолгоо бүхий 8х12 км урт талбайг хамарсан олдворууд байдаг бөгөөд ийм том талбайг эзэлсэн шинэ чулуун зэвсгийн үеийн дарханы газар Ази, Европт одоогоор олдоогүй байна.
Мөн Хайрхандулаан сумын нутаг Ханхөгшин ууланд  Хубилай хааны “Сүрийг бадруулагч цэргийн хот”-ын туурь байдаг ба Хубилай, Аригбэх хоёрын Монголын хаан ширээг булаалдсан цаг үе болох XIII зууны 1275 онд байгуулсан хэмээн үздэг. Түүнчлэн Монгол Улс дахь хамгийн эртний сүм болох Эрдэнэзуу, хамгийн анхны нийслэл Хархорум хотын туурь гэхчлэн дотоод, гадаадын жуулчид, эрдэмтдийн сонирхлыг татсан үнэт өв соёл олон байгаа билээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ