Р.Жигжид: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-13 17:04:04

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций сум дахь Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаахыг оролдсон үйл явдалтай холбогдуулж, Уул уурхайн сайд Р.Жигжид, Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийв.

Р.Жигжид сайд хэвлэлийнхэнд хандаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай асуудлыг эсэргүүцэн тус компанийн ажилчин, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн ТУЗ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн нь маш харамсалтай үйлдэл боллоо. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулж үүрэг даалгавар өглөө.

Юуны өмнө энэ асуудалтай холбогдуулан өөрийгөө шатаах оролдлого хийсэн С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болголоо. Мөн эмчилгээ сувилгаанд шаардагдах зардлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн.

Дараагийн өгсөн чиглэл бол үүсээд буй нөхцөл байдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Үүнтэй холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлөх, улмаар компанийн шинэ гүйцэтгэх удирдлага томилогдтол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ тус компанийн гүйцэтгэх удирдлагыг түр орлон гүйцэтгэхээр боллоо” хэмээн мэдээллээ.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн бөгөөд “Тус компанид гурван төрлийн ҮЭ байдаг. ҮЭ-ийн салбараас гадна “Эв санааны нэгдэл”, “Чөлөөт үйлдвэрчний эвлэл” гэж байдаг.  Хамтын гэрээ байгуулах ажил харилцан ойлголцох шатандаа явж байсан гэж ойлгож байгаа. Энэ үйл явцыг яам анхааралдаа авч, байнга мэдээлэл авч байсан. Ойрын хугацаанд энэ асуудал нааштай шийдэгдэж, хамтын гэрээ байгуулна гэсэн итгэл үнэмшилтэй байтал өнөөдрийн энэ үйл явдал боллоо” гэсэн юм. Түүнчлэн салбарын сайд, “Монгол ажилчдын ажлын байрыг баталгаатай байлгахад анхаарч ажиллаж байна" хэмээн мэдэгдэв.

 

Б.Туул

Холбоотой мэдээ