Хэрлэнбаян-Улааныг отрын бүс нутаг гэсэн статусаас гаргах санал тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-02 19:45:02
Хэнтий /МОНЦАМЭ/. ХХААХҮЯамны дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Норовлин, Дадал, Дэлгэрхаан, Баян-Адрага сумдад ажиллаж, өвөлжилтийн байдал, малын өвчлөл, вакцинжуулалтын ажилтай биечлэн танилцаад ирлээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдлаа.

Хуралдааныг тус аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Н.Ганбямба удирдан явуулж, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар бол ЦГ, ОБГ, МХГ, ХХААГ, УЦУОША, Тагнуулын газар, Хэрлэн сумын дарга, удирдлагууд оролцов.

Онцгой комиссын хурлын үеэр Хэнтий аймгийн хувьд орон нутгийн зүгээс зохицуулалтын арга хэмжээг нэлээд сайн авч хэрэгжүүлж байгааг дэд сайд сайшаагаад харин хэд хэдэн анхаарах асуудал байгааг хэллээ. Үүнд, Дэлгэрхаан, Баян-Адрага суманд ЦГ, ОБГ зэрэг мэргэжлийн байгууллагын хамтарсан баг гаргаж хүч нэмэгдүүлэн ажиллах, вакцины хадгалалт, тээвэрлэлтэд анхаарч шуурхай хийж дуусгах, голомтоос дур мэдэн гарсан хүнд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах зэргийг анхаарууллаа. Мөн Хэнтий аймгийн Засаг даргын тавьсан саналын дагуу ариутгалын бодис, вакцинаар шаардлагатай үед нь бүрэн хангана гэдгээ амалсан юм.

Хэнтий аймагт малын өвчлөл гарч байгаа гол шалтгаан нь отрын бүс нутагт гаднаас өвчтэй мал ихээр орж ирэх, Сүхбаатар, Дорнод аймгуудаас өвчтэй мал дайран өнгөрөх, зээрийн нүүдлээр өвчин тархах зэрэг хүчин зүйл нөлөөлж байна.


Орон нутгийн болон Онцгой комиссын санааг зовоож байгаа өөр нэг асуудал бол отрын бүс нутаг болох Хэрлэнбаян-Улаан тосгон юм. Хэнтий аймгийн удирдлагын зүгээс тус тосгоны бэлчээрийн даац хэтэрсэн тул отрын бүс нутаг гэсэн статусаас гаргах саналаа холбогдох газруудад уламжилсан. Энэ асуудал дээр хамтарсан баг гаргаж, Улсын Онцгой комисст санал хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ