Монгол Улс жилд 160 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-02 13:39:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс жилд дунджаар 160 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцооллыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргажээ. 

Манай улсын нийт малын тоо өнгөрсөн оны байдлаар 61.5 сая толгойд хүрч, үүнээс 85 орчим хувийг бог мал эзэлж байна.Түүнчлэн өнгөрсөн онд манай улс 9.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ-руу экспортолсон.  Хөрш орнуудын зах зээлийн эрэлт бод малын мах  байдаг бөгөөд нийт малын 85 орчим хувийг бог мал эзэлдэг учир хонь, ямааны махыг гуравдагч орнуудад экспортлох нөөц бололцоо байгааг салбарынхан онцолж байна.  

ХХААХҮ-ийн салбар ДНБ-ийн 40 гаруй хувь, ажиллах хүчний 64 хувийг хангадаг. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18.8 хувийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэж үүний 84.9 хувь нь мал аж ахуйн салбарт ноогдож байгаа аж. Түүнчлэн  манай орны нийт ажиллах хүчний 36 хувь нь  хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй бөгөөд нийт ажиллагсдын 94.3 хувь буюу 170 мянган өрхийн 364.4 мянган хүний амьжиргаа шууд хамааралтай юм.

Б.Заяа


 
Холбоотой мэдээ