МАХН их хурлаа 12 дугаар сард хийж, намын даргын асуудлаа хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-01 12:48:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын Бага хурлын гишүүд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, тус намын Их хурлыг ирэх 12 дугаар сард зарлан хуралдуулахаар болсныг мэдэгдлээ.
МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн "МАХН сүүлийн үед намын дотоод амьдралд алдсан оносон янз бүрийн зүйл гарч буй учир намын гишүүдээс энэ алдаагаа засч залруулах шаардлагыг удирдлагууддаа хүргүүлэх болсон. Хамгийн сүүлд 10 дугаар сарын 23-ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Гүйцэтгэх товчооны гишүүдэд зургаан зүйл бүхий шаардлага хүргүүлсэн.Учир нь сүүлийн үед намын гишүүдийнхээ үгийг сонсох, шаардлагыг нь шийдвэртээ тусгахаа больсон, намын дүрэм журмаа зөрчсөн олон үйлдэл хийж байна. 2011 онд Онц их хурал хийснээсээ хойш намын даргадаа баригдаж, хоригдож, зовлонтой цаг хугацааг туулсан. Бид намын даргаа хамгаалж, өмгөөлөх гэж зүтгэж, даргынхаа төлөө ажилласан. Гэтэл 2-3 жилд намын дарга эргэн ирсэн ч гишүүдийнхээ тэр сэтгэлийг дааж ажиллах биш, тойрон хүрээлэгч нарын хэдхэн хүнийхээ төлөө ажилладаг болсон. Тийм учраас энэ арга барилыг нь засч залруулахыг шаардаж ирсэн юм. Сүүлийн шаардлагаа хүргэж өгөхөөр очсон намын эгэл жирийн гишүүдээ намын дарга Н.Энхбаяр "Энд юу хийж байгаа юм бэ . Юу ч биш юмнууд энэ цаасаа аваад зайл" гэж хандсан. Тамгын газрын дарга манай ахмад гишүүнийг зодсон. Намынхаа дотоод асуудлыг цэгцлэх, засч залруулах гэсэн жирийн гишүүдийнхээ шаардлагыг хүлээж авахгүй байна. Гэтэл хэвлэл, мэдээллээр биднийг харлуулж, буруутгах гэсэн мэдээлэл гаргаж байна. Бид АН, МАН-тай холбоо бариагүй, тэгэх ч ёсзүй байхгүй" гэлээ.
МАХН-ын Бага чуулган 10 дугаар сарын 30-нд хуралдаж, тогтоол гарсан. Гэвч энэ нь гишүүдээ доромжилсон тогтоол болсон гэж тэд үзэж байгаа аж. Тиймээс өчигдөр ээлжит бус Бага хурлынхаа дахин зарлаж хуралдуулан 120 гаруй гишүүн оролцож, Их хурлаа ирэх 12 дугаар сард багтаан зарлах шийдвэр гаргаж, зохион байгуулагчдыг баталжээ. Их хуралд 1200 хүн оролцож, намын даргын асуудал, дотоод дүрэм журам, гүйцэтгэх байгууллагын бүтцийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Дашрамд дурдахад, МАХН-ын Онц Их хурал 2011 оноос хойш хуралдаагүй юм байна.
Н.Гантуяа




 
Холбоотой мэдээ