Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой зөрчил хамгийн олон бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Зөрчлийн тухай хууль 7 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлснээс хойш 10 дугаар сарын 30-ны хүртэл Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар зөрчлийн шинжтэй 366 тооны гомдол мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн тохиолдол хамгийн олон бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн гомдол мэдээллийг ангилан үзвэл бусдын биед халдсан 19, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 52, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 34, хулгайн найм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 146, бусад 107 тооны гомдол мэдээлэл хүлээн авсан байна.
Зөрчлийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор цагдаагийн газрын болоод замын цагдаагийн тасгийн ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэдгийг аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа С.Жамсран хэллээ.
Зөрчлийн шинжтэй 366 тооны гомдол мэдээлэл хүлээн авсанаас 110 тооны гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж шүүхээр 21 иргэний 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, хялбаршуулсан журмаар 143 гомдол шийдвэрлэж 117 хүнийг 25,8 сая төгрөгөөр торгожээ. Харин 14 гомдлыг харъяаллын дагуу Сүхбаатар аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Хүлээн авахаас татгалзсан 99 гомдлыг прокурорын хяналтад шүлжүүлжээ.
Т. Одончимэг