Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр сурагчдад сургалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-31 13:23:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран өсвөр насны хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль эрх зүй, ёс суртахууны болон хүмүүжлийн анхан шатны мэдлэг олгох, хүүхэд оролцсон гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах зорилгоор “Хүүхэд нас” сэдэвт сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 19-29-ний хооронд зохион байгууллаа.

Сургалтын үеэр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, “Өсвөр насны хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, “Цахим тоглоомын хор уршиг”, “Хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвүүдээр сурагчдад мэдээлэл өгсөн байна.

Сургалтад Өлгий хотын ерөнхий боловсролын 11 сургуулийн 7-12 ангийн нийт 2000 гаруй сурагч, 60 гаруй багш хамрагджээ.

Уг сургалтыг зохион байгуулснаар хүүхэд оролцсон гэмт хэрэг, зөрчил буурч, сургуулийн орчимд гардаг зам тээврийн осол, хэрэг багасна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Дашрамд дурдахад, эхний 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд хүүхэд оролцсон 7 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар өсөөд байгаа юм. 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ