Улаан загалмайн хороо, төр хоорондын хамтын ажиллагаа сайн байгааг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-27 16:22:04
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг /МУЗН/-ээс Дунд  шатны хороо /ДШХ/-ны байгууллагын хүчин чадлыг үнэлэх ажлыг зүүн аймгуудаас эхлээд байна. МУЗН-ийн Захиргаа удирдлагын газрын дарга н.Энхтайванаар ахлуулсан баг Сүхбаатар аймагт ажиллаж, улаан загалмайн хорооны хүчин чадлыг үнэллээ. Тэд аймгийн УЗХ-г төртэйгөө хуулийн хүрээнд маш сайн хамтран ажиллаж байгааг онцлов.

“Сүхбаатар аймаг бидний ажиллаж буй гурав дахь аймаг болж байна. Ер нь хараад байхад УЗХ төрөөсөө дэмжлэг авдаг болсноор тэдний үйл ажиллагаанд маш олон ахиц дэвшил гарсан нь харагдаж байна. Эндээс дан ганц улаан загалмайн байгууллага дангаараа ашиг хүртээд байгаа зүйл огт биш, энэ нь эргээд манай үндсэн дөрвөн хөтөлбөрийн хүрээнд аймаг, сумынхаа иргэддээ илүү хүрч ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм. Нөгөө талаараа бид төрдөө нэмэлт хүч болон ажиллах үүргээ биелүүлэх боломж мөн илүү нээлттэй болж байна гэсэн үг. Гэхдээ энэ ажлын хувьд аймгийн нөхцөл байдал, улаан загалмайн хорооны хүчин чадлаас хамааран харилцан адилгүй байна. Харин Сүхбаатар аймгийн УЗХ нь хуульд заасны дагуу төрөөсөө тодорхой хэмжээний санхүүжилт авч, төртэйгөө маш сайн хамтран ажиллаж байгаад баяртай байна. Бид энэ удаад ДШХ-дын санхүү, хүний нөөц, байр, тээврийн хэрэгсэл, ажилчдын тоо, санхүүгийн сахилга бат гээд бүхий л зүйлд үнэлгээ хийж байна. Харин үнэлгээний дүнгийн хувьд манай байгууллагын дотоод нууц байдаг...” хэмээн МУЗН-ийн Захиргаа удирдлагын газрын дарга н.Энхтайван хэллээ.

Харин аймгийн УЗХ-ны тэргүүн И.Батсүх хэлэхдээ “Бид байгууллагынхаа хүчин чадлын үнэлгээг бодит байдлаар тогтоосноор дараа дараагийн ажлаа төлөвлөх, үйл ажиллагаагаа илүү чанартай түвшинд хүргэх боломжийг олж буй  байгаа хэрэг юм. Бид, ажил маань болж байна, бүтэж байна гээд яваад байдаг. Гэтэл яг бодит байдал дээр ямар байгааг өөрсдөө үнэлэхэд бэрх шүү дээ. Харин энэхүү үнэлгээг хийлгэсэнээр алдаа оноогоо харьцуулах нөхцөл бүрдэж байна. Мөн дараагийн гол ач холбогдол бол бид доод анхан шатны хороодоо үнэлэх, цаашлаад үйл ажиллагааг нь идэвхжүүлэхэд томоохон эхлэл суурь болно гэж үзэж байна...” гэв.

Тус үнэлгээг хийснээр ДШХ-ны хүчин чадал болон үйл ажиллаганы үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх, үйл ажиллагааг нь хөгжүүлэх шинэ боломжийг тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах, давуу тал болон сул талыг илрүүлэх, тулгамдаж буй асуудлыг бодитоор тодорхойлох ач холбогдолтой юм. Үнэлгээ нь зургаан түвшний 32 асуулгатай. Энэ нь олон улсын улаан загалмайн холбооны аргачлалын дагуу хийгддэг үнэлгээ юм байна. Тус үнэлгээг 2014 оноос хойш хийж эхэлсэн, цаашид жил бүр ийм үнэлгээг авч харьцуулалт хийж байх аж.
 
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ