Хуурай замын цэрэг илгээхийг ихэнх америкчууд эсэргүүцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-13 11:18:03

ВАШИНГТОН. /Sputnik/. “Лалын улс”-ыг дарах агаарын цэргийн кампанит ажлаа эрчимжүүлэхийн хажуугаар Сири лүү хуурай замын цэрэг илгээхийг АНУ-ын иргэдийн ихэнх нь эсэргүүцэж буйг Гэллап компанийн шинэ санал асуулгаар тогтоосон байна.

“Ирак, Сирид агаарын цэргийн кампанит ажлаа эрчимжүүлснээр, америкчуудын 53 хувь нь АНУ-ын хуурай замын цэрэг Сирийн босогчидтой тэмцэхийг эсэргүүцэж, 43 хувь нь дэмжиж байна” гэж санал асуулгын Гэллап компани мэдэгдэв.

“Лалын улс” зэрэг террорист бүлэглэлд агаарын цохилт өгөх шийдвэрийг Ерөнхийлөгч Барак Обама 2014 оны 9 дүгээр сарын 24-нд гаргаснаас хойш, Сири лүү явган цэрэг оруулахыг эсэргүүцсэн америкчуудын тоонд өөрчлөлт гараагүй байна.

“Хуурай замын цэрэг оруулахыг дэмжиж буй америкчууд бага байгааг Иракт ахиад цэргийн томоохон хүчээр оролцох хүсэлгүй байгаатай холбон тайлбарлаж болно” гэж санал асуулгаар дүгнэжээ.

Ирак, Сири дэх “Лалын улс”-ын террористийн байд АНУ тэргүүтэй эвсэл 48 удаагийн агаарын цохилтыг пүрэв гарагт өгсөн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ