Баян-Өлгийн зохиолчийн ном Казахстанд хэвлэгдэн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-24 16:04:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Зохиолч, сэтгүүлч Нүсипийн Ербахытын "Удаан хүлээлгэсэн урин цаг" ном Казахстан Улсын Алматы хотод хэвлэгдэн гарчээ.

Тус ном нь Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэдээлэл, архивын хорооноос хэрэгжүүлж буй "Уран зохиолын нийгмийн ач холбогдол бүхий төрлүүдийг эрхлэн гаргах" хөтөлбөрийн хүрээнд хэвлэгдсэн байна.
"Удаан хүлээлгэсэн урин цаг" /Көп күткен көктем еді/ номонд зохиолчийн 1987 оноос хойш бичсэн "Мөрөөдлийн дуулал", "Шинэ жилийн үдшээр" нэртэй хоёр тууж, хорь гаруй өгүүллэг оржээ.

"Атажурт" хэвлэлийн газарт 5 мянган ширхэг хэвлэгдсэн уг ном нь Н.Ербахытын хоёр дахь бүтээлийн ном аж. Тэрээр 2011 онд Улаанбаатар хотноо анхны номоо хэвлүүлэн гаргаж байжээ.

Дашрамд хэлэхэд, өмнө нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Таукейн Султан, Рахметийн Шынай, Рахметийн Сураган нарын зохиолын номууд "Уран зохиолын нийгмийн ач холбогдол бүхий төрлүүдийг эрхлэн гаргах" хөтөлбөрийн дагуу олны хүртээл болж байжээ.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ