Отгонтэнгэр ууланд сураггүй бологчдоос 12 иргэний цогцсыг олоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2017-10-24 11:22:50
Завхан/МОНЦАМЭ/. Отгонтэнгэр ууланд сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагааны бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг өнөөдөр өглөөний 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг нэмж олжээ.
Ослын голомтод Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан шуурхай бүлэг өчигдөр 18:38 цагт Отгонтэнгэр уулын бэлд нисдэг тэргээр буусан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгөөд байна. Мөн Завхан аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.
Өчигдөр голомтын бүсэд гэр, майхан, шатахуун, хоол хүнс, цахилгаан үүсгүүр, дагалдах хэрэгсэл, шаардлагатай эмийн нөөцийг хүргүүлжээ.
Ослын газар Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн, 27 автомашин, 2 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл өглөө.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ