Ши Жиньпинийг түлхэн унагаахаар хуйвалдаж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-10-21 09:35:36
БЭЭЖИН. /Би-Би-Си/. БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Хятадын Коммунист намын /ХКН/ нөлөө бүхий хэдэн гишүүн түлхэн унагаахаар хуйвалдаж байжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хорооны дарга Лью Шиюй ярихдаа “Ши даргын санаачилсан авлигатай тэмцэх кампанит ажлын явцад эдгээр хүнийг баривчилж, хорьсон” гэжээ.

Үнэт цаасны зохицуулах хорооны дарга асан Жоу Ёнкан, нөлөө бүхий улс төрч Бо Шилай, ХКН-ын Улс төрийн товчооноос саяхан хөөгдсөн Сунь Жөнцай, БНХАУ-ын даргын туслах байсан Лин Жихуа, армийн генерал асан Су Цайхоу, армийн нөлөө бүхий офицер Гуо Бошяон нарыг “төрийн эрхийг булаан авахаар хуйвалдаж байсан, авлигад хамгийн их автсан” нөлөө бүхий зургаан хүн гэж Лью Шиюй тодорхойлсон байна.

Бээжин хотноо лхагва гарагт эхэлсэн ХКН-ын ХIX их хурлын хүрээнд болсон хуралдааны үеэр тэрбээр энэ тухай мэдэгдээд “Тэдний үйлдэл биднийг үнэхээр цочирдуулсан. Ши дарга нам болоод улс оронд учрах гэж байсан томоохон аюулыг зайлуулж чадсан” гэжээ.

Ши Жиньпин 2012 онд БНХАУ-ын дарга болсныхоо дараахан санаачилсан авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд 1 сая гаруй албаны хүнийг баривчилж, шоронд хориод байгаа аж.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ