Дэлүүн суманд шинэ эмнэлэг нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-20 15:50:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумд 15 ортой эмнэлэг баригдаж ашиглалтад орлоо.
"Нур" эмнэлгийг хүний их эмч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Хаугажайн Самархан өөрийн хөрөнгөөр  барьж  ашиглалтад оруулсан ажээ. Эмнэлгийн доод давхарт амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг бол дээд  давхар нь хэвтэн эмчлүүлэгчдэд зориулагдсан байна.

Энэ талаар эмнэлгийн удирдлагаас тодруулахад: "Манай эмнэлэг ашиглалтад орсноор 10 хүн ажлын байраар хангагдаж байна. Мөн иргэд зүрхний цахилгаан бичлэгийг орон нутагтаа хийлгэх боломжтой боллоо. ЭХО аппарат, цус, шээсний анализатор зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжүүд суурилагдсан тул ард иргэд цаг хугацаа, зардлаа хэмнэх, улмаар тухайн сумд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар сайжрах бололцоотой болж байна. Түүнчлэн Ховд аймаг дахь баруун бүсийн Эмчилгээ, оношилгооны төв болон "Ач заяа" эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан тул шаардлагатай үед орон нутагт эмч ирүүлэн ажиллуулах, өвчтөн илгээх, онлайн зөвлөгөө өгөх ажлыг давхар хийнэ" гэдгийг онцоллоо.

Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар нэг нэгдсэн эмнэлэг, дөрвөн өрхийн эрүүл мэндийн төв, хоёр тосгоны эрүүл мэндийн төв, есөн сумын эмнэлэг, гурван сум дундын эмнэлэг болон "Нурлы", "Фатиха", "Бейс-Шипа", "Шарапат", "Нур Алтай мед" зэрэг таван  хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.

 Ө.Нурболат

Холбоотой мэдээ