"Цоохор ирвэсний эх нутаг" фестивальд Баян-Өлгийгөөс 60 сурагч оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-18 20:38:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-23-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдах "Цоохор ирвэсний эх нутаг-2017" фестивальд Баян-Өлгий аймгаас 60 сурагч оролцохоор болжээ. Энэ талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Даниялын Айбек мэдээллээ.

Улаангом хотод зохион байгуулагдах энэ удаагийн арга хэмжээнд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгуудын  21 сумаас 210 хүүхэд оролцох юм байна.

Өнгөрсөн тавдугаар сард аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа хамтран аймгийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад эко клуб байгуулсан ба дээрх арга хэмжээнд тус клубын гишүүн сурагчид оролцох ажээ. Фестивалийн хүрээнд дуу, бүжиг, жүжиг, гар зураг, бэлэг дурсгал, видео шторкны уралдаан, багш нарын цахим хичээлийн тэмцээн тус тус зохион байгуулагдах аж.  

Дашрамд хэлэхэд, Баян-Өлгий аймгийн Алтай, Дэлүүн, Ногооннуур, Толбо, Сагсай, Улаанхус, Цэнгэл сумдын нутагт 300 орчим цоохор ирвэс автомат камерт бүртгэгдсэн байдаг байна.

2013 оны 10-р сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Киргизстан Улсын нийслэл Бишкек хотноо 12 орны эрх бүхий төлөөлөгчид Цоохор ирвэсийг хамгаалах "Бишкекийн тунхаглал"-ыг  хэлэлцэн баталсан юм. Энэ тунхаглалд тусгаснаар жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг "Цоохор ирвэсийг хамгаалах өдөр" болгон  тэмдэглэхээр шийдвэрлэсэн бөгөөд манай улсад ч энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ