Д. Өлзийхишигт: Монгол ахуйгаа шингээдэг болохоор шохоорхол төрүүлдэг байх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-17 21:32:59
Дундговь /МОНЦАМЭ/. Хонины ноосоор бэлэг дурсгалын зүйлс хийж, яваандаа  чихмэл тоглоом урладаг болсон бүсгүйг Д. Өлзийхишигт гэдэг.  Энэ нь зах зээлд тийм ч сайн борлогдох бүтээгдэхүүн биш юм шиг сонсогдож магадгүй ч тэрээр монгол ахуйг харуулсан танин мэдэхүйн агуулгатай, тухайлбал таван хошуу мал, түүнийг тойрсон ахуй заншил, эдлэл хэрэглэлийг бүтээлдээ цогцлоож чаддаг нь гар урлалынх нь онцлог болдог байна.
Д.Өлзийхишигт Сайнцагаан сумын 8-р багийн иргэн. Технологийн багш мэргэжилтэй. Хонины ноосоор бэлэг дурсгалын зүйл анх хийж сурахдаа тэмээ урласан нь бизнесийнх нь эхлэл болж, 8 жил гаруйн хугацаанд өрхийн үйлдвэрлэл болгож хөгжүүлж чаджээ.  Тэмээг хэдэн янзаар урлана. Шавж байгаа буур, жингийн цуваа, ботготой ингэ, буйлж байгаа, хэвтэж байгаа, бурантагтай ,бурантаггүй гээд тэмээний бүхий л зан төрх, шинж байдлыг илэрхийлж чаддаг учраас амьд мэт бүтээл төрдөг. Үүнийгээ түлхүүрийн оосорын жижигхэн гоёлоос эхлээд нэг метр өндөртэйг  хүртэл урлана. Таван хошуу мал, сарлагыг мөн л  олон төрх шинжээр нь илэрхийлдэг. Мазаалайнууд ч бас түүний гараас төрнө. Зуу гаруй төрлийн үйл хөдлөл, янз байдлаар тухайн амьтадыг илэрхийлж, том жижгээр урласнаа Д. Өлзийхишигт гадаад зах зээлд хүргэж чаддаг байна.
Анх “Мэри Март” хэмээх байгууллагатай гэрээ хийж, бүтээгдэхүүнээ нийлүүлснээр жил бүр говийн тэмээ, таван хошуу малын чихмэл тоглоомууд гадаад зах зээлд гарч эхэлсэн бөгөөд  өдгөө тэрээр Улаан-Үд хотод бүтээгдэхүүнээ борлуулж,  өвөрмонголчуудаас захиалга авдаг болжээ.
Хятадаас орж ирдэг чихмэл тоглоомын оронд монгол хүүхдүүд монгол ахуйгаа танин мэдэхэд тустай ийм тоглоомуудаар тоглодог байгаасай хэмээн хүсдэгээ тэрээр хэлсэн юм. “Гар урлалаа янз янзаар уран сэтгэж, баяжуулан хийх дуртай. Тухайлбал би тэмээ голдуухан урладаг учраас тэмээтэй холбоотой домог үлгэрийг хүртэл цуглуулж явдаг юм. Түүнийгээ англи, монгол хэлээр бичиж хэвлүүлээд эсгий хавтаганд хийж, тэмээний бөхнөөс зүүчихвэл бас л нэг танин мэдэхүйн агуулгатай болох жишээтэй. Тэмээний бурантагийг хэрхэн яаж хийдгийг  харууллаа гэхэд л энэ бүтээлийг маань баяжуулчихдаг. Энэ мэтээр нэгэнт л монгол малынхаа түүхий эдээр хийдэг болохоор монгол ахуйгаа харуулахыг хичээдэг нь гадаадынхны шохоорхлыг татаад байдаг бололтой” хэмээн сонирхуулсан юм.
Тэрээр өөрийн хүүхдүүдтэй хамтран тоглоомоо урладаг байна. Жижиг гэлтгүй зүйлээс эхэлж, уйгагүй хийж, түүнийгээ хөгжүүлж чадвал үйлдвэрлэл эрхэлнэ гээд заавал ихийг хайх шаардлага байдаггүй гэдгийг жирийн нэг бүсгүйн хөдөлмөр ийнхүү харуулж байна.  

Т. Отгонтуяа
 
Холбоотой мэдээ