Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-17 18:01:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэрэнпилийн Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшигчийн талаарх товч танилцуулгыг хийсэн юм. Үүний дараа гишүүдийн зүгээс нэр дэвшигчид хандаж, асуулт асууж захиас даалгавраа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, "Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны айлуудын дунд цахилгааны хүчдэл хүрэхгүйгээс шөнө дунд хоолоо хийж идэж байгаа өрх цөөнгүй. Зарим айл оршин суух бүртгэлгүйгээс гэрэл цахилгаанд холбогдохгүй байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэж өгөөч" гэсэн хүсэлт тавьсан юм. Нэр дэвшигч Ц.Даваасүрэн эл асуудлыг анхаарч ажиллана гэдгээ илэрхийлээд, "Хүнтэй ойр ажилладаг ажилтнууддаа сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүсээр бүрдүүлнэ" гэлээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, "Өмнөх Засгийн газрын огцорсон шалтгаан бол концессын асуудал байсан. Энэ тал дээр шударга ажиллаж чадах " уу гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад нэр дэвшигч Ц.Даваасүрэн, "Концессын асуудлыг нягталж болно. Ямар эд ангиар ТЭЦ-үүдийн засвар үйлчилгээг хийгээд байгааг хянаж ажиллана" хэмээн хариулсан юм. Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэхүү томилгоог бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ Ерөнхий сайдад хандаж "Эдийн засгийн коридор дээр ажиллаж байгаа бүтэц алга. Гадаад харилцааны яам дээр нэг бүтэц байгаагаас өөр юм алга. Энэ тал дээр анхаараарай" хэмээв. 

Ингээд Цэрэнпилийн Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилох эсэх асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжив.
Б.Туул

 


Холбоотой мэдээ