Зуны даалгавараа сайн хийсэн сурагчиддаа Батламж гардуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-17 16:12:33
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уулбаян сумын Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн нэгэн багш сурагчдынхаа гэрийн даалгавар хийх хүсэл эрмэлзлэлийг бий болгох, сурагчдаа урамшуулах, дэмжих зорилгоор зуныхаа даалгаварыг сайн хийсэн сурагчиддаа Батламж гардуулжээ. Тус сургуулийн 2А анги нь 29 сурагчтай. Үүнээс 19 сурагч тус батламжийн эзэн болжээ.

“Хавар сурагчдаа тарахад нь Оюуны гүүр гэдэг номыг тарааж өгөөд сая хичээлийн жил эхлэхэд хурааж авсан. Тус номонд нэгдүгээр ангидаа үзсэн бүх хичээлийн агуулгыг багтаасан байдаг бөгөөд мөн  хоёрдугаар ангидаа үзэх хичээлийнх нь суурь ойлголтыг мөн тусгасан байдаг. Хүүхдүүд маань зуныхаа амралтаар өөрсдөө даалгавараа хийгээд, харин аав ээж нь хичээл тус бүр дээр нь үнэлгээ өгсөн байгаа. Зуны даалгаварын эцсийн дүнг анги удирдсан багш тавьж, 80-аас дээш хувьтай шалгагдсан хүүхэд бүрт Батламж гардуулсан. Ангийн маань ихэнх хүүхэд батламжаа авсан. Энэ нь сурагчдыг гэрийн даалгавраа хийдэг болгох маш том урам бас дэмжлэг болж өгч байгаа юм. Сурагчид маань ч их баяртай байсан. Гэрийн даалгавараа хийх байдал, хандах хандлага нь ч тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн гэж хэлж болно...” хэмээн 2А ангийн багш Ж.Мөнх-Од хэлэв.

Уулбаян сумын ЕБС-ийн бага ангийн багш Ж.Мөнх-Од нь боловсролын салбарт өдгөө 21 дэх жилдээ ажиллаж байна.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ