НҮБ-ын АНУ-аас ирсэн томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг үнэгүй дархлаажуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ЭМЯ-ны хүсэлтээр 175 мянган хүн/тун улирлын томуугийн эсрэг вакцин хандивлаж байгаа талаар АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллагын зөвлөх мэргэжилтнүүд мэдээлэл хийв.
Улирлын томуугийн эсрэг хандивын вакцины эхний ээлж болох 50.мянган хүн/тун вакциныг хүлээн авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулж байгаа талаар тус яамны албаны хүмүүс танилцууллаа. Мөн ЭМЯ-наас дараагийн ээлжийн 125 мянган хүн/тун вакциныг энэ сард багтаан ирүүлэхийг хүслээ.
Харин зөвлөх мэргэжилтнүүд хүн амын дундах эргэлтэд байгаа улирлын томуугийн үүсгэгчийн хэв шинжээс шалтгаалан вакцин үйлдвэрлэлээс оройтож гарч буй талаар тайлбар хийв.
НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан улирлын томуугийн 45 мянга хүн/тун вакциныг энэ сарын 23-нд хүлээн авч, бага насны хүүхдийг дархлаажуулах юм.
Дашрамд дуулгахад, Энэ удаагийн вакциныг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн нэгдлүүдээр дамжуулан 18-аас дээш насны эрсдэлт бүлгийн хүн ам, жирэмсэн эхчүүдэд хийхээр болжээ.
Д.Өлзий