Монголчууд “Хатан Туул” голоо хамгаалах боломжит гарцыг эрэлхийлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-10-17 11:47:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд “Туул голын сав газрын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийн хүрээнд оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлэг эхэлж байна. 

“Хатан Туул” голын усны урсац багасч, Улаанбаатар хотын орчимд хэд хэдэн газарт тасрах үзэгдэл жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь нийслэлчүүдийн төдийгүй нийт монголчуудын нэн тулгамдсан, даруй шийдвэрлэх асуудал болоод байна.



Туул гол урсацгүй болж хөрсөндөө шурган хуурай сайр болсноор загас, жараахай бүтэлтэнд орж олноороо үхэж, үрэгдэх тохиолдол гарсаар байгаа юм. Мөн Туул голын усан сан бүхий газрын онцгой болон энгийн, эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд амралтын болон ахуйн, орон сууцны эзэмшлийн газрууд суурьшин байрлах болсон. Улмаар уг бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болсон зүй бус үйл ажиллагаа улам бүр нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ олон арван элс, хайрганы карьер, уул уурхай ажиллаж, тус бүсэд барилгын болон ахуйн хог хаягдлаа асгах болсон зэрэг нь Туул голыг ихэд бохирдуулан доройтуулсаар байгаа юм.

Харин дэлхий нийт “Эрүүл гол-Healthy river” гэсэн санаачилга гаргаж, доройтолд өртсөн сав газрын экологийн төлөв байдалд “оношилгоо” хийж, үр дүнгээ бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүргэж, бохирдлын шалтгааныг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа тодорхой үр дүнд хүрч байна.



Энэхүү санаачилгыг Монгол Улсад нэвтрүүлэх зорилгоор БОАЖЯ-ны харъяа Туул голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-тай хамтран “Туул голын сав газрын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Уг төслийн хүрээнд гурван өдөр үргэлжлэх энэ уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд гол зорилт нь Туул голын сав газрын экологийн төлөв байдлын үнэлгээ хийх аргачлалыг танилцуулна. Мөн үнэлгээний хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд болон боломжит мэдээллийн эх сурвалжийг тодорхойлох, үйл ажиллагааны гол зорилт, онцлони хэрэгжүүлэх ажил, үр дүнгийн талаар оролцогчдод танилцуулан зөвшилцөх юм.

Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаа, АМГТГ, НМХГ, НБОГ, УСУГ, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, НЭМҮТ, УЦУОСМХ, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, “Монгол-Ус” ТӨҮГ, ШУТИС, олон улсын байгууллагууд, орон нутгийн төлөөлөгчид, ус ашиглагчид, мэргэжлийн холбоод, ТББ-ын 80 орчим төлөөлөгч оролцож байна. 

Д.Өлзий 
Холбоотой мэдээ