Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-16 20:50:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголбанкнаас бүх нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор  хэрэгжүүлж эхэлсэн “Санхүүгийн боловсрол” аян Баян-Өлгий аймагт нээлтээ хийлээ.

Тус аян нь Монголбанк,  БСШУСЯ,  Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран 2016 оноос улс даяр хэрэгжүүлж буй  “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж.  Аяны хүрээнд хийгдэх ажлуудын талаар Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Х.Серёжа: "Уг ажил ирэх арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжинэ. Аяны хүрээнд аймгийн Насан туршийн боловсролын төв, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран 13 сум, 1 тосгоны ард иргэд, төрийн албан хаагчид, ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгуулж, хувь хүний санхүүгийн суурь ойлголтууд болох төсөв, санхүүгийн төлөвлөлт, хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, даатгал гэх зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгнө" хэмээн тайлбарлалаа.

“Санхүүгийн боловсрол” аян нь иргэдийг аливаа санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, оновчтой шийдвэр гаргах, хувийн болон өрхийн санхүүгээ удирдах зөв дадал, хэвшилтэй болгоход чиглэгдэж байгаа бөгөөд ингэснээр улс орны хөгжилд иргэн бүр хувь нэмрээ оруулах боломж нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ