ТОЙМ: НИТХ шинэ даргаа сонгож, Засгийн газрын сайд нарын нэрс тодорлоо

ТОЙМ
gantuya@montsame.mn
2017-10-15 15:58:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ Засгийн газар бүрдэж, гүйцэтгэх засаглал үйл ажиллагааг жигдрүүлэх хүлээлттэй байсан өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөлөө. Засгийн газар танхимаа бүрдүүлж хараахан амжаагүй ч нийслэлийг удирдах дээд байгууллага буюу НИТХ шинэ даргаа сонгож чадсан. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн нэрсийг УИХ дахь үнэмлэхүй олонх буюу МАН-ын бүлэг удтал хэлэлцсэн ч тодруулж чадсан нь онцлох үйл явдал байв. Ингээд өнгөрч буй долоо хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.


НИТХ-ын шинэ дарга хоёрхон саналаар илүүрхэж сонгогдов

Дөрвөн долоо хоног дамнан “сунжирсан” НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт Хангарьд ордонд болж, НИТХ-ын шинэ даргыг сонголоо. Ээлжит 11 дүгээр хуралдаан анх өнгөрсөн есдүгээр сарын 22-нд хуралдахдаа НИТХ-ын өмнөх дарга Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүний албан тушаалд НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Д.Баярсайханыг, харин АН-ын бүлгээс С.Амарсайхан нарыг нэр дэвшүүлээд байсан юм. Гэвч эхний санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн хэн нь ч илүүрхэж чадалгүй, авсан санал нь тэнцсэнээр хуралдаан хойшилж, энэ долоо хоногийг хүргэсэн.

Ингээд даваа гарагт товлосон хуралдаан мөн л эхлэлгүй сунжирч, АН-ын бүлэг нь 1 цагийг завсарлага авч, хоёр нэр дэвшигчтэй уулзалт хийнэ гэх мэтээр эхлэлгүй удсан. Хуралдаан дахин хойшилж мэдэх таамаг үүссэн ч төлөөлөгчид цуглан НИТХ-ын ээлжит хуралдааныг эхлүүлэн, даргаа сонгох сонгуулийг нууц санал хураалтаар явуулах болов. Нууц санал хураалтад нийт 41 төлөөлөгч оролцож, С.Амарсайханд 21 буюу 51.2 хувийн санал, Д.Баярсайханд 19 буюу 46.2 хувийн санал өгсөн юм. Үүгээр олонхын санал авсан Сайнбуянгийн Амарсайхан НИТХ-ын даргаар сонгогдож, Ц.Сандуйгаас тамга, тэмдгээ гардан авснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.
С.Амарсайхан нь 44 настай бөгөөд АНУ-д боловсрол эзэмшсэн, эрх зүйн магистр зэрэгтэй, “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн ТУЗ-ын даргаар ажилладаг. НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаад ийнхүү даргаар сонгогдсон тэрбээр нийслэлийг удирдах их ажлаа нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, хариуцлага, ёс зүй, сахилга батыг дээшлүүлж, хүнд суртал, авлига, төсөл тендерийн цавчааг шат шатанд нь таслан зогсоохоос эхэлнэ хэмээн мэдэгдэв. Ажил гацаасан хариуцлагагүй үйлдэл, аминчхан, явцуу сэтгэлгээ, хэт намчирхал туйлшралд эрс шийдвэртэй эсэргүүцэгч нь байх зарчмыг хариуцлагатай баримталж ажиллахаа мэдэгдсэн НИТХ-ын шинэ дарга ийн ажилдаа орлоо.


У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс тодров

Өнгөрсөн долоо хоногийн хувьд хамгийн их хүлээлт үүсгэж байсан үйл явдал нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлж, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг жигдрүүлэх байсан. Гэвч Засгийн газрын танхим хараахан албан ёсоор бүрдэж чадаагүй бөгөөд Засгийн газрын хуралдаан мөн тасалдав. Дангаар Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй УИХ дахь үнэмлэхүй олонх буюу МАН-ын бүлэг сайд нарынхаа нэрийг тодруулахаар мягмар гаргаас эхлэн хуралдсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимдаа ажиллах сайд нарын нэрсийг урьдчилсан байдлаар гаргаж, бүлгийн хуралдаанд танилцуулсан ч бүлэг 100 хувь санал нэгдэж чадаагүйн улмаас хуралдаан хоёр хоног үргэлжилсэн. Ингээд пүрэв гарагт МАН-ын Удирдах зөвлөл, дараа нь МАН-ын бүлэг хуралдаж, шинэ Засгийн газрын сайд нарт нэр дэвшигчдэд байр сууриа нэгтгэн, олон нийтэд танилцууллаа. 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд:
  • Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
  • Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
  • Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг
  • Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд
  • Барилга, хот байгуулалтын сайд - УИХ-ын гишүүн Х.Баделхан
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
  • Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг
  • Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
  • Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарыг нэр дэвшүүлэв.
Нэр дэвшигчдийн нэрсийг улмаар Ерөнхийлөгчид өргөн барьж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нь шалгаж, нягтлуулахаар АТГ-т хүргүүлсэн юм. АТГ-аас Засгийн газрын бүрэлдэхүүнд нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг нягталж үзээд “ашиг сонирхлын зөрчилгүй” гэсэн хариуг баасан гарагт ирүүлсэн. Харин Ерөнхийлөгчөөс хариу ирээгүй байна. Зарим мэдээллийг үндэслэвэл Ерөнхийлөгч дэмжих эсэх хариугаа даваа гарагт өгөх аж. Нөгөө талаар Ерөнхийлөгч хариугаа өгөлгүй удаж байгаа нь 100 хувь “Давхар дээлтэй” Засаг бүрдэх гэж буйг эсэргүүцэж буй ч гэх мэдээлэл байна. Юутай ч Ерөнхийлөгчөөс хариу ирүүлсний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэн, сайд нарыг эцэслэн томилох юм.
Сонирхуулахад, дээрх нэр дэвшигчдийн дундаж нас нь 52 бөгөөд 16 нэр дэвшигчийн 13 нь 45-60 хүртэл насных, хамгийн ахмад нь 64-тэй, залуу нь 39-тэй аж. 


Монгол Улс хяналтгүй төртэй болов уу?

У.Хүрэлсүх өөрийн тэргүүлэх Засгийн газраа “хүчирхэг” байх ёстой хэмээн үзэж, УИХ-ын гишүүдээс 100 хувь бүрдүүлэх болсон. Харин энэ шийдвэрт шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэх талууд цөөнгүй байна. УИХ дахь АН-ын бүлэг Үндсэн чиг үүргийн яамдыг “давхар дээл”-тэй сайдтай байх нь зөв, бусад яам гаднаас сайдаа томилох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр сууриндаа хэвээр байгаа бөгөөд шинэ Засгийн газрын танхимд нэр дэвшигчдэд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэлд ярилцлага өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “давхар дээл”-тэй сайд нарт тун шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт хоёр ч удаа мэдээлэл хийв. Эхний удаад МАХН-ын шинэчлэлийг эрчимжүүлж байгаагаа дуулгасан бол хоёр дахь удаад "Монгол Улс хяналтгүй төртэй боллоо" хэмээн мэдэгдэв. Тодруулбал УИХ Засгийн газрын үйл ажиллагааг хянах хуультай байхад шинэ Засгийн газрын бүх гишүүд УИХ-ын гишүүдээс бүрдэж, хяналт чиг үүргээ биелүүлэх боломжгүй болж байна гэж үзэж буй аж. Улмаар энэ асуудлаар тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж хүсэлт хүргүүлэхээ илэрхийлээд шинээр томилогдох сайд нар болон цаашлаад УИХ-ын нийт гишүүдийг давхар иргэншилтэй эсэхийг шалгуулахаа хэлэв.


Улс төрийн шалтгаанаар Ерөнхийлөгч саналаа хүчингүй болгов

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн сонгогдсон хугацаа дуусгавар болж буй. Тиймээс түүний оронд шинэ гишүүн томилох шаардлага үүсч, энэ хүрээнд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д энэ сарын 5-нд хүргүүлсэн. Улмаар Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.
Гэвч өнгөрөгч пүрэв гарагт буюу энэ сарын 12-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Р.Бурмааг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжаа хүчингүй болгосон талаар албан бичиг УИХ-д илгээв. Санал болгосноос долоо хоногийн дараа ийн захирамжаа хүчингүй болгож байгаа нь “улс төрийн шалтгаантай” хэмээн ЕТГ-аас тайлбарлалаа. Тайлбарын цаана ямар шалтгаан байсан болон түүний оронд хэнийг нэр дэвшүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.


АН-ын бүлэг Төсвийн тодотголыг хэлэлцэхийг эсэргүүцлээ

УИХ дахь АН-ын бүлэг 2017 оны Төсөвт тодотгол хийх хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэж, өнгөрөгч долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх хэд хэдэн байнгын хорооноос завсарлага авлаа. Тус бүлгийнхэн огцорсон Засгийн газар төсвийн давсан орлого болох 500 гаруй тэрбум төгрөгийг тодотгол нэрээр хуваарилах гэж байгаа нь буруу хэмээн үзэж буй аж. Тэд шинэ Засгийн газрыг яаралтай бүрдүүлж, Төсвийн тодотголыг дахин боловсруулах, мөн ирэх оны Төсвийг яаралтай оруулж ирэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Мөн Төсөвт тодотгол оруулдаг нь буруу жишиг бөгөөд цаашид Төсвийн хуульд өөрчлөлт оруулах замаар энэ жишгийг халах нь зөв гэсэн саналыг тус бүлгийн гишүүд илэрхийллээ.

 
Г.Дэнзэн, Я.Батсуурь нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь нарыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ААНБ-ын өмчийг завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган, анхан болон давж заалдах шатны шүүхээс хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гараад байсан юм. Тэгвэл уг хэргийг хяналтын шатанд Улсын дээд шүүх хэлэлцэж шийдвэрээ гаргасан нь өнгөрөгч долоо хоногийн хувьд бас нэгэн анхаарал татсан үйл явдал байв. Тодруулбал Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн,  Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнгөрөгч баасан гарагт хянан хэлэлцлээ. Улмаар дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг бүрэн шалгаагүй хэмээн үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалаа.

Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн үйл явдлыг товч тоймловол ийм байлаа. Харин ирэх долоо хоногийн хувьд нэн тэргүүнд шинэ Засгийн газрыг бүрдүүлэх, томилох шаардлага хүлээлт тулгарч байна. Учир нь шинэ Засгийн газар байгуулагдах эцсийн хугацаа ирэх лхагва гариг буюу аравдугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болж буй юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Т.Чимгээ

Холбоотой мэдээ