Хэрлэн сумын бичил уурхай эрхлэгчдийг албажуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-14 12:54:46

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд "Бичил уурхай-эвийн хүч" сэдэвт бичил уурхай эрхлэгчдийг албажуулах төслийн сургалт боллоо.

Уг төслийг Швейцарийн хөгжлийн агентлагийн ивээн тэтгэлгээр Хэнтий аймгийн Ажил олгогч эздийн холбоо хэрэгжүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан тус холбооноос Хэрлэн сумын нийт 4 багийн иргэдийн төлөөлөл, бичил уурхай эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч, бичил уурхайг албажуулах, хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх талаар мэдээлэл солилцлоо.

Хэнтий аймгийн хэмжээнд одоогийн байдлаар бичил уурхай эрхлэгчдийн сайн туршлагаараа Норовлин, Батноров, Бэрх зэрэг сумдын нөхөрлөлүүд тэргүүлж байна. Тиймээс эдгээр сумдын сайн туршлагыг Хэрлэн суманд хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцох нь сургалтын нэг чухал зорилго байв. Мөн энэ үеэр ирэх 27-ны өдөр болох Хэнтий аймгийн бичил уурхай эрхлэгчдийн зөвлөлгөөний талаарх мэдээллийг хүргэсэн юм.

Дашрамд дурдахад Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ