Цэрэг татлагад хамрагдах залуусын ирц өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-13 10:35:20
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд есөн сарын 29-өөс эхлэн намрын цэрэг татлагын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр 12 дахь сум болох Мөрөн суманд үргэлжилж байна. Энэ жил Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан цэрэг татлагад хамрагдах залуусын идэвх өмнөх жилүүдээс хэд дахин өндөр байгааг Цэргийн штабын дарга хурандаа Д.Бямбацогт онцолж байлаа.

Өмнөх жилүүдэд суралцаж буй залуусын бичиг баримтыг хэн нэгэн авчирч бүртгүүлдэг байсан бол энэ жил залуус заавал өөрийн биеэр ирж байгаа учраас суралцдаг нэрээр цэрэг татлагаас зайлсхийдэг байсан асуудал гарахгүй болж байгаа гэнэ. Цэрэг татлагад Мөрөн сумын 18-25 насны 2024 залуус хамрагдах ажээ. Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг иргэдэд сайн сурталчилсан учраас залуус үүргээ биелүүлэн идэвхтэй хамрагдаж байна.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ