Элгийг малын тэжээл болгож ашигладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-11 22:25:02
Дундговь /МОНЦАМЭ/.”Одоо ч гэлтгүй малчид цахилдаг хадаад бэлдчихвэл хавар нялх төл бойжуулахад ихээхэн тустай” хэмээн ахмад малчин О.Болд хэлж байна. Эхээс гараад 14 хонож байх үед нь хурга, ишгэнд бага багаар багцалж боосон цахилдаг идүүлэхэд тун амархан хивж сурдаг. Тэр хэрээр төл тэжээл сайн авч чаддаг гэв.
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл болгож малчин өрх бүр гар тэжээл нөөцөлж авах даалгавартай. Говийн малчдын хувьд хангайнх шиг хадлан хадах нөхцөл төдийлөн байдаггүй ч таана хүмүүлээ түүж хатаах, даршлахаас эхлээд байгаа боломжоо ашиглан гар тэжээл бэлдэж авдаг.
Малчин О.Болдынх Сайхан-Овоо сумын 3 дугаар багийн айл. Түүний хувьд гар тэжээлээ хэрхэн бэлддэг тухайгаа ийн сонирхуулсан юм.
 “Таана, хүмүүлээ шүүс нь өтгөрсөн үед нь түүгээд сүүдэрт хатааж авдаг. Малчид янз янзаар бэлдэх нь бий. Зарим нь мушгиа хийж хатаадаг. Манай хувьд цаасан хайрцагнуудад хийж хатаадаг юм. Тааныг хэрчиж хивэгтэй хольж багсран хатаана. Үүнийгээ хужираар баяжуулдаг. Мал төллөхөөс 45 хоногийн өмнө төллөх эх малдаа өглөө бэлчээрт гарахаас нь өмнө цайны шаазангийн хэмжээгээр нэг удаа өгөөд байхад амин дэм болж чаддаг. Төл ч товируун гарна. Багсармалаа өгөхдөө мал дулаан хэвтрээс босч, бэлчээрт гарах үед нь л идүүлэхэд тохиромжтой.
Хэрвээ цахилдаг бэлдэж чадвал бүр сайн. Цахилдагийг баг багаар боож багцлаад төлийг 14 хоногтойгоос нь идүүлбэл тун амархан хивж сурдаг. Энэ хэрээр төл тэжээл сайн авдаг юм. Удахгүй өвлийн идэш хоол бэлдэх цаг ирнэ. Тэр үеэр малын элгийг бас хөлдөөгөөд авчих нь зөв. Түүнийгээ шаардлагатай үед гэсгээж жижиглэн хэрчээд малдаа өгөхөд дархлааг нь дэмжихэд ч тустай” гэв.
Т. Отгонтуяа
 
 
Холбоотой мэдээ