Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн барилгын явцтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-10-11 22:07:50
Увс /МОНЦАМЭ/. Улаангом хотноо баригдаж байгаа мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн хувьд цахилгааны шугам татах, хашаа барих, худаг гаргах зэрэг ажил хийгдэж дуусаад байна. Мөн туслах корпус буюу склад, засвар үйлчилгээний барилгын суурийн ажлыг Улаанбаатар хотын барилга угсралтын “ДЦЦ” компани гүйцэтгэж байна. 
Тус барилгын ажлын явцтай аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр танилцлаа. 
Төслийн ерөнхий захиалагч нь “Хүмэн нэгдэл” ХХК бөгөөд 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах аж. Тус үйлдвэр ашиглалтад орсноор 1 ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог бэлтгэж, жилдээ 1000 тн мах, 600 тн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна. Түүнчлэн малчидтай гэрээ байгуулж, бэлтгэлд нийлүүлэх мал сүргийг им, тэмдэг, бар кодын систем ашиглан бүртгэлжүүлж, мэдээллийн сан байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан хэрэглэгчдийг хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангахаар зорьж байна.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлэх аж. Харин цаашдаа хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулснаар  шинэ болон хөлдөөсөн мах, төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүн, махан нөөш, дотор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ангилж савлан гадаадын зах зээлд гаргах юм байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаангом хотноо мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр баригдахаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгох, бүс нутгийн иргэд, малчдын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Австри улсын “BERTSCH LASKA” компанийн тоног төхөөрөмж бүхий Европын Холбооны стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах барилгын ажил явагдаж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ