“Говийн гайхамшигт 6” гуравдугаар зөвлөлгөөнийг Баянхонгорт зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд аймгийн ЗДТГ, БОАЖГ, ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран “Говийн гайхамшигт-6” хоёрдугаар зөвлөлгөөнийг зохион байгууллаа.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт болон тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6” санаачилгыг анх гаргасан байна.
2016 оны Тахийн талын уулзалтаас хойш жилийн хугацаанд хийсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт хийж, цаашдын зорилтоо хэлэлцэхээр энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулжээ. Уг зөвлөлгөөнд говийн гайхамшигт зургаан амьтныг хамгаалах, судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, Олон улсын баавгай нийгэмлэг, Английн хавтгай хамгаалах сан, Олон улсын Тахь групп, Чехийн амьтны хүрээлэн зэрэг олон улсын байгууллагууд, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь аймгийн төрийн байгууллагууд, нутгийн иргэд, эрдэмтэн, судлаач нар нийт 250 хүн оролцлоо.
Зөвлөлгөөнөөр талууд 1 жилийн хугацаанд амлалтын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж, тусгайлан бэлтгэсэн 6 гэрт говийн гайхамшигт амьтдын талаар хэлэлцүүлгийг өрнүүллээ.“Говийн Гайхамшигт Зургаа” II зөвлөлгөөнөөс санаачлагыг идэвхжүүлэх олон талын тэгш оролцоог бий болгох, хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс талуудын оролцоотой “Зохицуулах зөвлөл” бий болгон үйл ажиллагааг жигдрүүлэх, хамтарсан үйл ажиллагааг санхүүжүүлэх механизм бүрдүүлэх, олон улсын судалгаа, шинжилгээ, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй талуудыг өргөн хүрээтэй оролцуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг олон ажлуудыг хамтран хийхээр санал нэгтэйгээр шийдвэрлэж “Баянтооройн Тунхаг” бичгийг гаргалаа. Зөвлөлгөөнд оролцогчдыг Хавтгай үржүүлгийн төв, Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газраар аялуулсан бөгөөд “Говийн гайхамшигт 6” гуравдугаар зөвлөлгөөнийг 2018 онд Баянхонгор аймагт зохион байгуулахаар боллоо.
Ш.Цоодол