Онцгой нөхцөл үүсч Дархан-Улаанбаатарын замыг түр хаалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2017-10-08 15:02:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн үндэсний төвөөс цаг агаарын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж дараах орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Дархан аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, шийдвэр гарган Дархан - Улаанбаатар чиглэлийн авто зам, байгууламжийг түр хугацаагаар хаалаа. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Мөн Архангай аймаг, Цагаандаваа чиглэлийн замд халтиргаа гулгаа үүссэн, одоогийн байдлаар тус аймгийн АЗЗА ажиллаж, нэг чиглэлийн замаар хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Иймд зорчигчид хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчиж, Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ