Байгууллага, аж ахуйн нэгжүүдийг эргүүлд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-05 19:50:34
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Нутгийн өөрөө удирдах байгууллага болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат энэ чиглэлээр хийж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төв суурин газрыг камержуулах нь чухал нөлөөтэй бөгөөд аймгийн МШУТ-ийн  камерын системийг сайжруулах, өргөтгөх, шилэн кабелуудыг шинэчлэх, 101, 102, 103, 105 тусгай дугаарын дуудлагуудыг нэгдсэн удирдлагад төвлөрүүлэн ОУ-ын жишигт хүргэх, бүх сумын төвийг камержуулахаар зураг, төслийг боловсруулж байгаа аж. Мөн сумдын төвийг замын тэмдэг, тэмдэглэгээтэй болгож, засмал замын дагуу таних тэмдгүүд тавих, гурван цэгт Зам тээврийн хяналтын төв барих талаар хэлэлцлээ.
“Архидалтгүй Өвөрхангай” дэд хөтөлбөрийг үр дүнд хүргэх зорилгоор аймгийн Засаг даргаас "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг таслан зогсоох" тухай захирамж гаргаж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг эргүүл шалгалтанд хамруулахаар болж байна.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамтран ажиллаж, иргэдийн аюулгүй, амар тайван амьдралын төлөө хуулийг сурталчлан ажиллахыг уриаллаа.
Сумдын цагдаа нарыг бэлэн бус торгуулийн машин, согтуурал тандагч болон хэмжигч багажаар хангахад сумдын Засаг дарга нар идэвх санаачилгатай хандаж байгааг Цагдаагийн газраас онцлон мэдэгдлээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ