Дулааны станцын сураг агаарын бохирдолттой тэмцэхэд саад болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-05 19:48:35
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар агаарын бохирдол, халаалт, дулааны талаар асуудал хөндлөө.

Арвайхээрийн утаатай тэмцэх ажил нэг хэсэг эрчимтэй хийгдэж байсан ч Дулааны станц барих тухай асуудлаас болж сүүлийн хоёр жил дорвитой хийгдсэн ажил байхгүй гэдгийг Засаг даргын орлогч О.Батжаргал хэллээ.
Засгийн газраас жил бүр Дулааны станцыг концессийн гэрээгээр барьж өгнө гэж амладгаас болж дулаан үйлдвэрлэгчид уурын зуухандаа шинэчлэл хийж чадахгүй, орон нутгаас ч утаатай тэмцэх ажилд хөрөнгө зарцуулж чадахгүй хоёр жилийг өнгөрүүлж байгаа аж. Тиймээс зарим уурын зуухны яндангууд орон сууцтайгаа чацуу байгаагаас айлын цонхоор утаа нь орж иргэдийг бухимдуулж байна гэдгийг орлогч дарга О.Батжаргал хэлж, ямар нэг зүйл хийх шаардлагатай байгааг санууллаа.
Харин дулаан үйлдвэрлэгчдийн зүгээс ойрын гурван жилдээ Дулааны станц барихгүй гэх баталгааг бидэнд өгвөл шинэчлэл, засвар үйлчилгээ хийнэ гэх хариуг аймгийн удирдлагуудад өгчээ.
 
Мөн Өвөрхангай аймагт 36 аж ахуйн нэгжээс 42 цэгт халаалтын үйл ажиллагаа явуулж байгаа ба 22 аж ахуйн нэгж нь аваарын дизель суурилуулсан байна. Аваарын дизель суурилуулаагүй 13 аж ахуйн нэгжид удаа дараа шаардлага тавьж байгаа ч биелүүлэхгүй байгаа гэдгийг холбогдох албаныхан хэллээ. Тиймээс тэдгээр аж ахуйн нэгжид үүргээ биелүүлэх хүртэл нь төрөөс олгож байгаа мөнгийг танах эсвэл өөр компанитай гэрээ байгуулан аварын дизель нийлүүлэх ажлыг аймгийн Засаг даргаас зохион байгуулах үүргийг Хөгжлийн бодлогын хэлтэст өглөө.
Б.Б атчимэг

Холбоотой мэдээ