Төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-05 15:37:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Чуулганы үдээс хойшхи хуралдааны үеэр гишүүдээс төрийн албан хаагчид, тэр дундаа багш, эмч нарын цалин, урамшууллыг нэмэх, хөнгөлөлттэй эмийн хүртээмж, санхүүжилтийг сайжруулах, өвөлжилтийн бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаа болон хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд үргэлжлүүлэн олгох эсэх зэрэг асуудлыг салбарын сайдуудаас тодруулж байсан юм.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн хариултдаа, "Засгийн газар ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байхаар тохирсон. Өнөөдөр эдийн засаг хүнд, өрийн дарамттай байна. Нэг л удаа төрийн албан хаагчдын цалинг нэмбэл энэ нь дараагийн жилүүдэд тогтмол зардал болж хувирдаг. Засгийн газрын зүгээс эдийн засгаа сайжруулсны дараа төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэхээр шийдсэн. Харин ОУВС-гийн зүгээс зорилтод хэсэг буюу амьдралын түвшин доогуур орлоготой өрхөд олгодог хүнсний талоныхоо төсвийг нэмэх шаардлагатай гэж зөвлөсөн. Үүний дагуу төсвийн тодотгол хийхдээ зорилтод хэсгийн төсвийн зардлыг нэмсэн. Мөн энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул хадлан тэжээл бэлтгэхэд аймгуудад 4.5 тэрбум, улсын нөөцөд 4,4 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд өвөлжилт хүндэрсэн үед өвс, тэжээл импортолоход зориулж 40 тэрбум нийт 49,9 тэрбум төгрөгийг урсгал зардалд суулгасан" гэж байлаа.
Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд тодотголтой холбоотой асуудлыг тодруулж асуулт асууж байсан бол одоо саналаа хэлж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.Туул
 
  
Холбоотой мэдээ