Багшийн цалинг нэмснээр нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-10-05 12:35:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын багш нарын анхдугаар Онц Их хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон /МҮЭСТО/-д өнөөдөр болж байна.
Энэхүү хурлыг Багшийн цалин нэмэх түр хороо, “Багш багшдаа тусалъя” Монголын багш нарын нэгдэл болон  “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм. Монголын багш нарын анхдугаар Онц Их хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 329 сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль бүрийн 1500 гаруй багш, төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байна.   
Багшийн цалинг нэмэх түр хороо нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нийслэлийн багш нарын төлөөлөл хуралдан 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд ерөнхий зохицуулагчаар Ц.Мөнхтуяа, дэд зохицуулагчаар Б.Бат-Эрдэнэ нар сонгогдон цалинг нэмэгдтэл тэмцэхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Түр хороо байгуулснаас хойш цалин нэмэх шаардлагыг хөдөө, орон нутаг, нийслэлийн хэмжээнд нэгэн дуугаар дэмжиж, хамтран ажиллах гарын үсэг цуглуулснаар Монголын олон мянган багш нарыг нэгтгэсэн том хөдөлгөөн болоод байгаа юм.Тэд МҮЭХ-ны удирдах хүмүүстэй зөвлөлдөж, хамтарч ажиллах, цалин нэмэх тэмцлээ эрчимжүүлж Түр хороог Хөдөлмөрийн дээд сургуулийн байранд байрлан ажиллах бололцоо гаргаж үйл ажиллагааг нь дэмжиж байна. Багшийн цалин нэмэх шаардлагыг түр хорооноос Засгийн газарт /2017.08.17 болон 2017.08.30/ хоёр ч удаа хүргүүлсэн юм. Улмаар 9 дүгээр сарын 21, 26-нд багш нар цалингаа нэмэх нь нэн шаардлагатай байгааг илэрхийлэн орон даяар сануулах ажил хаялт зохион байгуулж, цаашдаа тэмцлийн хурц хэлбэрт шилжин тэмцэхээ төр, засгийн түшээдэд анхааруулж, эв нэгдлээ илэрхийлсэн. Харин энэ удаа Онц Их хурал хуралдуулж, багшийн цалин нэмэх тэмцлийн цаашдын зорилтоо тодорхойлохоор зорьж байна.
МҮЭСТО-д болж буй хурлын үеэр
Багшийн цалин нэмэх түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхтуяатай уулзаж тус хурлаар ямар шийдвэрт хүрэх гэж байгаа талаар сонирхлоо.
“Монгол Улсын өнцөг булан бүрээс 1500 гаруй багш энд цугларч, Онц Их хурлын
 төлөөлөгчийн мандат авч оролцож байгаа. Өнөөдөр багш нар маш ядуу амьдарч байгаагаа хуралд ирсэн багш нар санал нэг байж, цалингаа нэмүүлэх ганц зорилгын төлөө тэмцэхээ илэрхийлж байна. Энэ хурлаас бид нэгд, цалингаа үе шаттайгаар 11, 12 дугаар сар гэхэд 50 хувиар нэмүүлэх, хоёрт 2019 он гэхэд багш нарын цалинг нэг сая 600 мянган төгрөгт хүргэх шаардлага тавьж байгаа. ЕБС-ийн багш нарын хувьд насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй өсвөр насны иргэдтэй ажилладаг гэдгээрээ бусад төрийн байгууллагын албан хаагчдаас онцлогтой. Тийм ч учраас маш хариуцлагатай албанд ажиллаж багш нарыг онцгой авч үзэх ёстой гэж бид эвлэлдэн нэгдэж цалин нэмүүлэхийг шаардаж байгаа юм. Багш нар өнөөдөр цалин бага учраас 5 сая хүртэл төгрөгийн зээл авах боломжтой. Гэтэл орон сууцны урьдчилгаа зээл авахад 30-40 сая төгрөгийн барьцаа шаардлагатай. Цалингаас цалингийн хооронд өр тавьж амьдралаа залгуулж байгаа бидний амьдрах эрх зөрчигдөж байна. Амьдралын эрхээр өнгөрсөн хавар БНСУ-д ажиллахаар явсан манай багш нараас 1600 шахам нь эргэж ирээгүй гэсэн мэдээ байгаа. Үнэхээр бид гэр бүлээ тэжээгээд, амьдралаа аваад явах хүрэлцээтэй цалин авч чаддаггүй. Тиймээс ч өнөөдөр ЕБС-ийн багш нарын хүйсийн харьцаа 10:1 болж, дан эмэгтэйчүүд энэ албанд ажиллах болжээ. Азийн орнуудад ч ийм асуудал тохиолдож байсныг төр нь бодлогоор залруулж байгаа жишээ байна. Хүүхдийн хүмүүжилд ч зөвхөн эмэгтэй багш нар энэ салбарт ажилласнаар сөргөөр нөлөөлж эмэгтэйлэг шинж давамгайлсан хөвгүүд олширч байгааг ч анхаарах учиртай. Энэ мэтээр багшийн цалинг нэмснээр боловсролын салбар дахь олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн ярьсан юм.
 

Д.Өлзий  

Холбоотой мэдээ