Тосонцэнгэлчүүд шинэ театртаа 17 удаагийн урлагийн тоглолт үзээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-03 10:44:38
Завхан/МОНЦАМЭ/. Завханы томоохон сумдын нэг Тосонцэнгэл сум шинэ театртай /Соёлын төв/ болжээ. Тус Соёлын төвийн барилгыг 2015 оны есдүгээр сараас эхлэн Улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж 2017 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгчээ.
Шинэ Соёлын төв ашиглалтад орсноос хойш сумын иргэд томоохон хэмжээний 17 удаагийн урлагийн болон кино, жүжгийн тоглолтыг шинэ тайзнаас хүлээн авч үзжээ. Тус Соёлын төв нь 500 хүний суудалтай, бага болон их тайзны хэсэгтэй хөгжим болон дууны шингээлт гаралт сайтай орчин үеийн тухтай театруудаас дутахгүй болсон тухай иргэд нь ам сайтай байна.
Дашрамд тус сум Завхан аймагтаа хамгийн олон буюу 9 мянга гаруй хүн амтай, 5.300 км2 нутагтай Монголын хамгийн хүйтэн цэг юм. Энд Монгол Улсын халх, ойрад, алаг адуутан, боржиган, баатад, баарин, бичээч даарьтан гэхчлэн 17 овгийн иргэд оршин суудаг ажээ. 
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ