2015 оноос хойш Сирид явуулж буй Оросын агаарын цэргийн хүчний цохилт хэдэн мянган хүний аминд хүрээд байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-10-02 13:22:36
ИСТАНБУЛ. /Анадолу/. Сирийн засгийн газрыг эсэргүүцэн тэмцэгчдэд Орос улс 2015 оноос эхлэн агаараас цохилт өгч байгаа бөгөөд үүний улмаас нийтдээ 5 233 энгийн иргэн амиа алдсан. Амиа алдагсдын 1 417 нь хүүхэд, 886 нь эмэгтэйчүүд байсан юм гэж Лондонд төвтэй "Сирийн Хүний эрхийн төлөө сүлжээ" төрийн бус байгууллага ням гарагт мэдээлжээ.  

Башар аль-Асадын дэглэм ардчиллын төлөө жагсагчдын эсрэг нэн харгис хэрцгий арга хэмжээ авч эхэлсний улмаас 2011 онд Сири улсад иргэний дайн эхэлсэн юм. "Даеш" хэмээх Террорист бүлэглэлтэй дайтаж буй Асадын дэглэмийг Орос улс дэмжин 2015 оны 9 дүгээр сараас эхлэн Сирид агаараас цохилт өгч эхэлсэн билээ. 

Сирид өрнөж буй иргэний дайны улмаас 2.3 сая энгийн иргэн орон гэрээсээ дүрвэсэн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд гал зогсоох тухай хэлэлцээр байгуулсны дараа Сирийн дайтагч талуудын хооронд энхтайван тогтоох тухай анхны уулзалт Казакстаны нийслэл Астана хотод нэгдүгээр сарын 23-24-нд болсон юм. Астанад болсон яриа хэлэлцээг Турк, Орос, Иран улсууд зуучилсан ажээ.   
Х.Сарнай 




 


Холбоотой мэдээ