Ажил хаясан багш нарын цалинг нөхөн олгохыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-02 11:39:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатарт хандаж, ажил хаясан багш нарын цалинг нөхөн олгохыг хүссэн албан бичиг хүргүүлжээ.

Өнгөрсөн сард ерөнхий боловсролын сургуулиудын багш нар цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, хоёр ч өдөр ажил хаясан. Уг ажил хаялтыг шүүхээс хууль бус хэмээн үзэж, зогсоохыг шаардаагүй тул тус ажил хаялт нь хуулийн хүрээнд явагдсан хэмээн үзэх үндэслэлтэй. Түүнээс гадна дээрх хоёр өдрийн цалин нэгэнт төсөвт суусан тул хөрөнгө мөнгөний хувьд олгогдохгүй байх үндэслэлгүй хэмээн Н.Учрал гишүүн үзэж байна.

Тэрбээр багш нарын ажил хаялтыг зарчмын хувьд дэмжиж байсан гэдгээ илэрхийлсэний зэрэгцээ цаашид багш нарын ажлын нөхцлийг сайжруулах, тэдний хөгжил болон амьжиргааг дээшлүүлэх тал дээр байнга анхаарч ажиллана гэдгээ үүгээр илэрхийлжээ.
Б.Туул 
Холбоотой мэдээ