Рохинжа нарын сууж явсан завь хөмөрч 14 хүн амиа алдаж, олон тооны хүн сураггүй алга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-29 15:24:14
ДАККА. /Шиньхуа/. Мьянмар улстай хил залгаа оршдог Бангладешийн зүүн өмнөд хэсгийн Коксын Базар дүүргийн ойролцоох Бенгалийн буланд Мьянмараас дүрвэсэн рохинжа нарын сууж явсан завь хөмөрсний улмаас 14 хүний цогцсыг олсон тухай цагдаагийн ахлах албан тушаалтан мэдээлжээ. 

Мөн тодорхойгүй тооны хүмүүс сураггүй алга болоод байгаа юм. Одоогийн байдлаар 14 хүний цогцос олдоод байна гэж орон нутгийн цагаар оройн 6.30 цагийн үед Коксын Базар дүүргийн Цагдаагийн нэмэлт хүчний дарга Афрозул Хок Тутул Хятадын "Шиньхуа" агентлагт мэдээлсэн байна.

Нийслэл Дакка хотоос зүүн урагшаа 292 км-т байрлах Коксын Базар дүүргийн Инани далайн эргийн ойролцоо Бенгалын буланд хөвж явах үедээ живсэн уг завин дээр явсан хүмүүсийн цогцсыг олохыг тулд хууль хамгаалах байгууллагын ажилтнууд ажиллаж байгаа юм. Тус завин дээр байсан хүмүүсээс чухам хэдэн хүн эрэг рүү сэлж гарч чадсан тухай мэдээлэл хараахан ирээгүй байна. Эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цаашид нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэх магадлалтай хэмээн албаны хүмүүс эмээж байна.

Рохинжа нар ихэвчлэн 25-30 хүн тээвэрлэх боломжтой жижиг завиар явдаг гэж эх сурвалж мэдээлж байна. Энэ сарын эхээр Бангладеш Мьянмар хоёр улсыг зааглаж байдаг Наф голд Мьянмарын дүрвэгсдийг тээвэрлэж явсан хэд хэдэн завь хөмөрсний улмаас урьд өмнө тохиолдож байгаагүй маш олон рохинжа хүмүүс живж, цогцсыг гаргаж авсан ажээ. 
Х.Сарнай 
Холбоотой мэдээ