“Хариуцлагатай уул уурхай орон нутгийн хөгжилд” чуулган эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-26 09:18:57
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн  хүрээнд “Хариуцлагатай уул уурхай орон нутгийн хөгжилд” сэдэвт бүсийн чуулган Сүхбаатар аймагт эхэллээ. Чуулганд холбогдох яам, агентлаг, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн уурхайчдын төлөөлөл нийлсэн 200 орчим хүн оролцож байна.

“Чуулганы гол ач холбогдол нь төрийн байгууллага, аймаг орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн холбоод хамтран зүүн бүсийн тулгамдсан асуудлыг ярилцах, салбарын талаарх ойлголтын зөрүүг арилгах, цаашдын хөгжлийн бодлого зорилтыг сурталчилан таниулахад оршиж байна. Улс орны эдийн засагт уул уурхайн салбар нь чухал үүрэг гүйцэтгэж, экспортын бүтээгдэхүүний 86 хувийг, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 71 хувийг, ДНБ-ий 18 хувийг, улсын төсвийн дөрөвний нэгийг энэхүү салбарын хамт олон дангаараа бүрдүүлж байна. Тэр дундаа Монгол Улсын зүүн бүсийн нутаг эрдэс баялгийн арвин нөөцтэй, геологи хайгуулын ажил харьцангуй сайн хийгдсэн, уул уурхайн салбар эртнээс хөгжсөн бүс нутаг юм. Өнөөдрийн байдлаар хайлуур жонш, өнгөт металл, хүрэн нүүрсний ордууд голчлон тус бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр уурхайнууд нь улс эх орны сан хөмрөгийг арвижуулах, бүс нутгийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан ирсэнийг энд цохон тэмдэглэх хэрэгтэй. Ингээд бүсийн чуулганд оролцож байгаа нийт уурхайчиддаа Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэнд хүргээд, чуулганы ажилд амжилт хүсье...” хэмээн УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж. Ганбаатар нээлтийн үгэндээ онцлов.

Уурхайчид уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага, эрхзүйн орчин, салбарын техник технологийн асуудал, хариуцлагатай уул уурхай зэрэг сэдвүүдээр зөвлөлдөх юм байна.

Зүүн бүсийн чуулганыг УУХҮЯ, Монголросцветмент ХХК, Цайрт минерал ХХК, Шинь Шинь ХХК-иуд хамтран зохион байгуулж байна. Чуулган хоёр өдөр үргэлжилнэ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ