Ганц “оновчтой цохилт” Солонгосын хойгийн асуудлыг шийдчихнэ хэмээн АНУ үзэхгүй байна гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-09-26 08:02:38
ВАШИНГТОН. /ТАСС/. Ганц “оновчтой цохилт” Солонгосын хойгийн асуудлыг шийдчихнэ хэмээн АНУ-ын засаг захиргаа үзэхгүй байгаа хэдий ч цэргийн хүч хэрэглэх хувилбарыг үгүйсгэх бодолгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Герберт Макмастер даваа гарагт Вашингтоны дайн судлалын хүрээлэнд үг хэлэхдээ мэдэгдсэнийг ОХУ-ын ТАСС агентлаг уламжлав.
 
"Гэхдээ бид дайнаас зайлсхийх боломж гарна хэмээн найдаж байна. АНУ-ын засаг захиргаа БНАСАУ-ын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж эхлэхээс өмнө Умард Солонгос цөмийн объектуудыг нь шалгах боломж олгож, цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой” гэж Макмастер мэдэгджээ.
 
Энэ оны тавдугаар сард Орос болон Хятадын дэвшүүлсэн БНАСАУ-ын цөмийн ба пуужингийн хөтөлбөр хийгээд АНУ, БНСУ-ын цэргийн сургуулилтыг зэрэг зогсоох тухай саналыг хүлээн авах боломжгүй асуудал гэж Макмастер хэлсэн байна.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ