“Хангай” хонины хувь заяа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-25 17:22:00
Булган /МОНЦАМЭ/Булган аймагт бренд бүтээгдэхүүн олон бий. Түүнээс мал аж ахуйн салбарын бренд бас бий. Эх орны үхрийн ууган үүлдэр “Сэлэнгэ” үхрийг өсгөн үржүүлэх бодлого баримталж үр өгөөжөө өгч байна.
Харин мал аж ахуйн салбарын нэг бренд гэж болох мах, ноосны ашиг шим өндөртэй “Хангай” хонины хувь заяа бүрхэг болжээ. Тус хонийг өсгөн үржүүлж байх үед 120-130 мянган толгой байсан нь түүхэнд үлдэж одоо 200 гаруйхан болж цөөрчээ.
Энэ талаар Монгол улсын зөвлөх мал зүйч, төрийн соёрхолт Гүрсэдийн Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа. 

Булган аймагт бренд бүтээгдэхүүн олон бий. Түүнээс мал аж ахуйн салбарын бренд бас бий. Эх орны үхрийн ууган үүлдэр “Сэлэнгэ” үхрийг өсгөн үржүүлэх бодлого баримталж үр өгөөжөө өгч байна.
Харин мал аж ахуйн салбарын нэг брэнд гэж болох мах, ноосны ашиг шим өндөртэй “Хангай” хонины хувь заяа бүрхэг болжээ. Тус хонийг өсгөн үржүүлж байх үед 120-130 мянган толгой байсан нь түүхэнд үлдэж одоо 200 гаруйхан болж цөөрчээ.
Энэ талаар Монгол улсын зөвлөх мал зүйч, төрийн соёрхолт Гүрсэдийн Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.

- “Хангай” хонийг хэдэн оноос бий болгож эхэлсэн бол?
- “Хангай” үүлдрийн хонийг анх 1958 оноос эхлэн үржүүлж эхэлсэн. Анх бий болгосон хүн нь эрдэмтэн Аюуш гэж Монголын ганц урдаа барьдаг мал зүйч. ХАА-н ухааны доктор, ХААЯ-ны сайд хийж байсан. Сайд байх үедээ мал аж ахуйн үржил селекцийн ажлыг үр дүнд хүргэж, сайн болгосон хүн. Ялангуяа үржил селекцийн станцуудыг байгуулсан гавьяатай хүн. Би шавийн хувьд 1971 оноос хойш мэдэх юм.
Анх Оросоос авчирсан “Алтай” үүлдрийн хуцыг монгол хоньтой эрлийзжүүлж Орхон сумын Шувуутын голд эхэлж байсан. “Хангай” хонины анхны ангилалтыг 1959 онд хийхэд Аюуш гэдэг хүн өөрөө ирж, зохион байгуулж байсан. Орхон сумын сум, нэгдлийн дарга нь А.Равжир гэж аймгийн дарга хийж байсан хүн илгээлтээр очиж байсан. Тухайн үеийн нэгдлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн “Хангай” хонийг бий болгох ажил эхэлж байсан хувь заяатай юм.
- Энэ хонийг “Алтай” үүлдрээс өөр хониор сайжруулсан болов уу?
- “Хангай” хонийг “Алтай” үүлдрийн хонийг цус шингээх хэлбэрээр гурван үе хүртэл эрлийзжүүлж гаргасан. Энэ үед нь жаахан ноосны дутагдалтай гарахаар нь Ставрополь хонь ашигласан.
- Үүлдэр батлагдах үеийн ашиг шимийн үзүүлэлт нь ямар байсан бол?
- Эм хонь амьдын жин дундажаар 58-60 кг, хуц нь 85-90 кг байсан. Ноосны гарцын хувьд эм хонинд 2,8-3,0 кг, хуц 6,0-6,5 кг ноос өгчихдөг. Ноос махны чиглэлийн ийм үүлдэр. Анх 1977 онд үүлдийн хэсэг, 1990 онд үүлдрээр батлагдсан юм.
- Тоо толгой хэдэд хүрч байсан бэ?
- “Хангай” хонь 120 гаруй мянган толгой, цэвэр үүлдрийн 60 гаруй мянган хонь байсан. Нийтдээ таван газар үржүүлж байсан. Үржүүлж байсан үндсэн газар нь манай аймгийн Орхон сум, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сум байлаа. Дээр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Хонгорын сангийн аж ахуй, манай аймгийн Бүрэгхангай суманд үржүүлж байлаа.
- Нарийн ноост хонь гэдэг байсан шүү дээ. Ноолуур шиг ноостой хонь гэж сонссон юм байна.
- Ашиг шим нь их байсан. Ноосны хувьд монгол хониноос 2-3 дахин илүү гарцтай. Одоогийн ноолуурын хэлбэрт яригддаг юм. Тухайлбал 16, 18-23 микроны нарийнтай. Нэхийгээр нь Дарханы нэхийний үйлдвэрт гоёлын бүтээгдэхүүн хийдэг байсан. Нэхий дээл ч хийдэг байлаа.
- Зах зээлд шилжээд ашиг шимтэй мал алга болох тал руугаа орчихсон юм уу?
- Арчилгаа маллагаа их шаардана. Түүнээс хүмүүс халгадаг байх. Зах зээлд орж, 1990 онд хувьчлагдаад “Хангай” хонио яах вэ гэж яригдаж байсан. Тэр үед би үржлийн албаны дарга хийж байсан. Тэгж байгаад төрд авч үлдэх ёстой гэж зүтгээд аймгийн ИТХ-аар 5,0 сая төгрөг тусгуулж байж, Орхон сумаас арай гэж 500 хонь салгаж авч байсан.
“Хангай” хонийг хөдөлмөрийн баатар Л.Полоо маллаж байсан хүн. Д.Авирмэд, П.Үртэнбямба гээд сайн малчидтай байсан. Тэд алдар гавьяатай улс байлаа. Жинхэнэ ажил хийдэг байсан хүмүүс. Отор нүүдэл яаж хийдгийг Полоо баатар харуулсан хүн. Эм хонь 65, дээд тал нь 70 гарч байлаа шүү дээ. 100 эхээс 100 гаруй төл байжуулчихдаг байсан.
Одооны байдал их хүнд байгаа гэдгийг хүн болгон ойлгож байгаа байх. Орхон суманд 200 гаруй 300-гаадхан хонь байна. Тэнд яваад ангилалтаа хийх, шинээр тусгайлан суурилах зэрэг ажил нь алдагдсан. Энэ жил төл аваагүй.
- Та ойрд очиж үзэв үү?
- Очиж ангилалт хийлээ. Харин байгаа хонь нь их сайхан хонь байна. Энийг нь босгоод авбал их сайн байна. Улс, орон нутагт санал тавиад байж л байна. Аймгийнхан шинэ дарга нар ч ойлгож байгаа байх. Ярьсан хөөрсөн зүйл бий. Энэ дагуу шийдвэр гарах байх.
Энэ хонь манай аймгийн нэг бренд шүү. Мал аж ахуй дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Гаднаас нэг хээлтүүлэгч олоод ирээч чанарыг нь сайжруулья гэдэг асуудал тавьж байгаа. Эх орныхоо сүлмэлийн үйлдвэрийн түүхий эдийг бий болгохоор улсын хөрөнгөөр бий болгосон хонь байгаа юм даа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ