Сонгосон өрхөө малжуулахаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-25 15:29:18
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу "Нэг өрх - Нэг ажлын байр" аяныг Арвайхээр суманд энэ оны турш зохион байгуулж байна.
Аянд төрийн болон орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага оролцож, амьжиргааны баталгаажих түвшин муу, орлого багатай өрхүүдийг сонгон амьдрал ахуйд нь тусламж, дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Аймгийн ХХААГ-аас зорилтот аяны хүрээнд Арвайхээр сумын 10 дугаар багийн иргэн М.Нэргүйн гэр бүлийг сонгон хамтарч ажиллаж байна. Тус газрын даргын тушаалаар баталсан ажлын хэсэг тухайн өрхийн гишүүдтэй уулзан санал сэтгэгдлийг нь сонсож, нэн шаардлагатай байгаа зүйлсийг илрүүлсэн бөгөөд тус өрхийн эзэгтэйг “Андууд” худалдааны төвд оёдолчноор ажилд оруулж, өрхийн тогтмол орлоготой болох боломжийг бүрдүүлжээ.
Мөн хичээлийн шинэ жилийг тохиолдуулан 4, 16 насны хоёр хүүхдэд нь хичээлийн хэрэгсэл, хэрэгцээт зүйлсийг авч өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан ба цаашид малжуулах, түлээ түлшний хөнгөлөлт үзүүлэх зэрэг тусламжийг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ