“Үнэн” сонин бол ард түмнийг хүмүүжүүлдэг багш нь байсан

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-09 16:31:51

-Монголын хамгийн анхдагч бөгөөд нэр хүндтэй хэвлэл “Монголын Үнэн” сонины мэндэлсний 95 жилийн ой тохиож байгаа энэ үед ахмад сэтгүүлч П.Гэндэнжавтай ярилцлаа

.-Та “Үнэн” сониныг хэдэн жил захиалан уншиж байна вэ?Энэ сонины талаар өөрийн бодлоо хэлээч?

-Монголын хамгийн анхдагч бөгөөд нэр хүндтэй хэвлэл “Монголын Үнэн” сонины мэндэлсний 95 жилийн ой тохиож байгаа энэ үед ойн баярыг нь орон даяар болон энэ сониноос төрж гарсан дүү хэвлэлүүд нэгэн адил тэмдэглэж байна. Миний амьдрал бол “Үнэн” сонинтой олон жил холбогдсон. 1965 онд анх намын гишүүнд элсэж “Үнэн” сониныг захилж уншдаг болсноос хойш эдүгээ 50 жил болжээ. Энэ 50 жилд Оросод Нийгмийн Ухааны академид суралцаж төгссөн жилийг хасвал тасралтгүй захиалан уншиж ирсэн миний дуртай хэвлэлийн нэг. “Үнэн” сонин маань Монгол улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан сонин гэж би үнэлж хүндэлж явдаг. Яагаад гэвэл Монгол орны шинэ үеийн бүхэл түүхэн үе шат, түүхэн эргэлтүүдтэй хуудсаа холбож уншигчдаа араасаа дагуулж бусад хэвлэлүүдийг манлайлан явж ирсэн түүхтэй. Ялангуяа “Нэгдэлжих хөдөлгөөн”, Атар газар эзэмших аян”, улс орныг үйлдвэржүүлэх уриа дуудлагыг мөн л “Үнэн” сонин өгч идэвхжүүлж байсан юм. Мөн “Үнэн” сонин бол Социализмын үед төдийгүй дараа нь ардчилалд шилжих тэр цаг үед ардчиллын анхдагч дуу хоолой болж байснаараа бахархах зүй ёсны эрхтэй.

- “Үнэн” сониныг ардчиллын салхич шувуун гэж та хэлдэг?

-1980-аад оны сүүл үеэс эхлээд “Үнэн” сонины нийтлэлүүд Л.Түдэв эрхлэгчийн удирдлагын дор ардчилал шинэчлэлийг дэмжих чиглэлээр олон нийтийн итгэл хүндлэлийг хүлээсэн олон сайхан нийтлэл, уриа дуудлагыг гаргаж ар түмнийхээ талархалыг хүлээж байсан. “Үнэн” сониныг ардчиллын салхич шувуун гэж хэлэхэд буруудах юм байхгүй гэж би боддог. Би чинь “Үнэн” сониныг захиалж уншихаас гадна сэтгүүлч мэргэжилтэйн хувьд идэвхтэн бичигчээс эхлээд энэ сонинд олон арван мэдээ материал бичсэн л дээ. Миний сэтгүүл зүйн багш нь “Үнэн” сонин, түүнд ажиллаж байсан үе үеийн нэрд гарсан сэтгүүлчид гэж хэлж болно. Би аль жаран хэдэн оноос эхлэж “Үнэн” сонинд мэдээ материалуудаа нийтлүүлсэн. Бас намын удирдах ажил хийж явахдаа ч гэсэн “Үнэн” сонинтойгоо салшгүй холбоотой явсан юм шүү. Би энэ сонинд жил бүр нэгээс гурван томоохон өгүүлэл нийтлүүлж өөрийн сонирхсон зайлшгүй олон нийтэд хүргэх ёстой гэж үзсэн мэдээ материалаа нийтлүүлдэг байлаа л даа.

-Таны нэг нийтлэл нэлээн хурц, шүүмжлэлтэй нийтлэл болсон гэж ярьдаг.Энэ туай дурсамжаа хуваалцахгүй юу?

-1980-аад оны сүүл үеэр Монгол оронд шинэчлэлийн уур амьсгал сэвэлзэн үлээж эхлэх үед би гэсэн түүнд татагдан орж “Үнэн” сониндоо 1989 оны намар “Намын их хурал хэзээ хуралдах вэ?” гэсэн гарчигтай намын шинэчлэлийг түргэтгэх шаардлагатай байна гэсэн агуулгаар нэлээн гайгүй өгүүлэл бичиж өгөхөд сонины редакц түүнийг өлгөн авч санааг нь дэмжин сайжруулж том материал болгож “Үнэн” сонины нэгдүгээр нүүрт нийтэлсэн байдаг. Энэ нийтлэл маань ихээхэн сайн үр дагавар өгсөн гэж тэр үед “Үнэн” сонинд ажиллаж байсан сэтгүүлчид ярьдаг юм. Нэгдүгээрт энэ өгүүлэл нь Намын их хурлыг даруй хуралдуулахыг шаардсанаар Монголд “Намын Онц их хурал” хэрэгтэй гэж бичсэн 16 эрдэмтэний өгүүллийн сэдэл болж өгсөн бол хоёрт миний бичсэн энэ өгүүлэл нь хойноосоо зоригтойгоор шүүмжилсэн их олон нийтлэлийн гарах замыг нээж өгсөн. Тиймээс Л.Түдэв эрхлэгчтэй “Үнэн” сонины редакц надад 1989 оны “Оны тэргүүн бичлэгийн шагнал”-ыг олгосонд би маш их баярлаж явдаг. Энэ бол миний сэтгүүлчийн мэргэжлийн үнэлгээнд маш том үнэлгээ, нэмэр болдог юм. “Үнэн” сонин маань эдүгээ сөрөг хүчний дуу хоолой болж шинээр байгуулагдсан Засгийн газрын алдаа оноо бүхнийг шүүн тунгааж яавал зохилтойг бичиж нийтлэж байдагт нь баярлаж явдаг аа. Би “Үнэн” сонингоо одоо ч гэсэн захиалсаар байгаа цаашид ч захиалж уншсаар байх болно. Ингээд “Үнэн” сониныхоо ойг тохиолдуулж сониныг одоо эрхэлж байгаа залуу сэтгүүлчид, миний үеийн ахмад сэтгүүлчиддээ баярын мэнд хүргэе.
                                                                                                                Ярилцсан БНоровсамбуу
 

 

Холбоотой мэдээ