Шинжээчийн дүгнэлт: Хятадууд юаниар нефть худалдан авснаар алтны үнэ 1850 долларт хүрнэ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2017-09-20 08:59:22
Рана Хаким (Rana Hakim)

ЭР-РИЯД./aleqt.com/. Хятадууд ойрын үед түүхий нефть худалдан авах фьючерс хэлцлүүдийг юаниар хийхээр төлөвлөж байна. Энэ нь зарим шинжээчдийн онцолсноор, дэлхий дээр ийм төрлийн хэлцэл хийсэн анхны тохиолдол болох аж. Эдгээр хэлцэл хэрэгжиж эхэлснээр нефтийн үнэд ихээхэн нөлөөлж, нэг баррель газрын тосны үнэ 70 долларт хүрч магадгүй бол одоогоор унци нь 1350 доллар байгаа алтны үнэ 1850 доллар болж огцом өсөх төлөв харагдаж байна. 

Фьючерс хэлцэл гэдэг нь тодорхой нэр төрлийн стандартчилагдсан бараа таваарыг ирээдүйд тодорхой үнээр худалдах буюу худалдан авах гэрээ билээ. 
 
“Хятадууд алтаар баталгаажсан валют болох юаниараа нефть худалдан авах гэж байгаа нь бусад гол валютуудтай харьцах долларын ханшийг сулрахад хүргэнэ. Гэхдээ энэ нь АНУ-ын экспорт нэмэгдэж, импорт буурахад эергээр нөлөөлөх ба үүний дүнд Америкийн худалдааны тэнцлийн алдагдал буурах болно” гэж Хөрөнгө оруулалтын сангийн захирал Аммар аль-Муфти дүгнэлээ.
 
Хятадуудын хийх гэж буй энэ алхам нь дэлхийн эдийн засгийн дүрэм журмыг эрс өөрчилснөөр долларт нөлөөлж, уг валютаар хөрөнгө оруулалт хийх сонирхлыг бууруулах учраас АНУ-ын банкуудын хүү өснө. Энэ нь төр болон хувийн хэвшлийнхэнд олгох зээлд зарим талаар сөргөөр нөлөөлнө, тэр дундаа үйлчилгээний салбарт сөргөөр нөлөөлнө” гэдгийг аль-Муфти дурдсан байна.
 
“Ингэснээр АНУ-ын нийгмийн салбар болон хувийн хэвшлийнхний хувьд, хэрэглээгээ танаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай болох ба энэ нь урт хугацааны ирээдүйд Америкийн эдийн засагт эергээр нөлөөлөх болно. Харин богино болон дунд хугацааны ирээдүйд сөрөг үр дагавартай. Тэр тусмаа, дээрх фьючерс хэлцлүүдийг хэрэгжүүлж эхлэх үе нь Америкийн болон дэлхийн эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж эхлэх үетэй давхцаж байгаа учраас сөрөг нөлөөлөл нь их байх болно” гэж аль-Муфти онцлон тэмдэглэв.    
 
Алтны салбарын мэргэжилтэн, доктор Мухаммед аль-Хашиди-гийн таамаглаж байгаагаар бол, Хятадын фьючерс хэлцлүүд хэрэгжиж эхэлснээр нефтийн үнэ 70 долл/баррельд хүрч нэмэгдэх бол алтны үнэ одоогийнхоос 500 доллароор өсч 1850 болох аж. Энэхүү хөөрөгдсөн үндэслэлгүй үнэ нь алтанд хөрөнгө оруулсан  улс орнуудад эдийн засгийн алдагдал учруулж, дэлхийн зах зээлд нөлөөлнө. АНУ болон баруун Европт өргөн хэмжээний өөрчлөлтүүд болж буй энэ үед Хятадын хийж буй алхам нь алтны салбарт сөргөөр, харин газрын тосны салбарт эергээр нөлөөлөх болно. Иймэрхүү алхмыг маш болгоомжтой хийх ёстой бөгөөд зөвхөн үндэснийхээ эдийн засгийн эрх ашгийн үүднээс гаргасан аливаа нэг орны гоомой шийдвэр нь томоохон үр дагаварт хүргэдэг.

Аль-Хашиди ярихдаа “өмнө нь АНУ найдвартай актив болох алтанд хөрөнгө оруулах бодлого явуулж байсан бол одоо энэ бодлогоосоо ухарчээ. Хятадууд алтанд хөрөнгө оруулахаас татгалзсаны дараа үүссэн нөхцөл байдал давтагдах вий гэхээс америкчууд болгоомжилж байна. Ийм нөхцөл байдал үүсэх аваас жамаараа явж байсан зах зээлийн үйл ажиллагаа алдагдаж, хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдын аль аль нь хохирох болно.
 
Хятадын фьючерс хэлцэлтэй холбогдуулан Эзэн хааны нэрэмжит их сургуулийн профессор Абдул-Азиз Усама аль-Филали дүгнэн хэлэхдээ “Хятад улс Саудын Аравийн нефтийг импортлогч хамгийн том улс бөгөөд газрын тосыг юаниар худалдан авах нь ойрын хугацаанд нефтийн үнэд эергээр нөлөөлж, долларын эрэлтийг бууруулна” гэлээ.  Түүний тайлбарласнаар, долларын ханш сулрах нь газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт болон импортын үнэд эергээр нөлөөлснөөр улс орнуудын төсвийн алдагдал дунд хугацаанд буурах ажээ.
 
Орчуулсан: Б.Адъяахүү
Эх сурвалж: www.inosmi.ru 
Холбоотой мэдээ