Гучин-Ус сумын ахмадууд Төрийн ордонтой танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-19 15:34:53
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ, ЗДТГ-аас “Ахмадаа дэмжих жил”-ийн хүрээнд ахмад настнуудаа Улаанбаатар, Аглагийн хийд гэсэн маршрутаар аялуулж байна. Аяллын замдаа гарсан 108 ахмад настан өчигдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо хүрэлцэн ирж, төрийн байгууллагуудаар орж танилцсан бөгөөд аймгийн удирдлагуудтай зургаа татууллаа. Тэдэнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хүндэтгэл үзүүлэн аян замын зардалд нь хувийн зүгээс санхүүжилт нэмэрлэсэн юм.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотноо Төрийн ордноор зочилж, УИХ-ын гишүүдтэйгээ уулзан санал сэтгэгдлээ хуваалцахын хамт үдийн зоог барьсан бөгөөд Гандантэгчинлэн хийдээр орж буян ном хуруулан Д.Чойжамц хамбын сургаал номлолыг сонсоод байна. Ахмадууд аялалаа Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далын ам” хэмээх газарт орших Аглагийн хийд хүртэл үргэлжлүүлэх юм. Тэдний аян замын зардлыг сумын аж ахуйн нэгж, байгууллагууд, жуулчны баазууд, хувь иргэдээс хандивлажээ.
Гучин-Ус сумаас ахмадуудаа баярлуулах, аялуулах үйл ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд уржнан Арвайхээр-Хархорин чиглэлд, өнгөрсөн жил Уянгын хүрээ рүү аялж байсан байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ