“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн илрүүлэг шинжилгээ 85 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-18 16:03:32
Дундговь /МОНЦАМЭ/.”Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн эхний шат буюу элэгний В,С вирусын илрүүлэг шинжилгээ Дундговь аймагт 85 хувьтай үргэлжилж байна. Тус аймагт 40- 65 насны 12 мянга гаруй иргэн байгаагийн 8118 нь эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бөгөөд илрүүлэг шинжилгээнд 6900 гаруй иргэн хамрагджээ.

Илрүүлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн  670 гаруйд нь элэгний С, 580 гаруйд нь В вирус илэрсэн, эрүүлжүүлэх эмчилгээг түрүүчээсээ эхэлсэн байна.
Тус  аймагт илрүүлэг шинжилгээ зургадугаар сарын 5- ны өдөр эхэлсэн. Зургадугаар сарын 30 хүртэл илрүүлэг шинжилгээний хугацааг товлосон бөгөөд энэ хугацаанд Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийн 62 хувь хамрагдаж байсан юм.

Улмаар хугацааг наймдугаар сарын нэгэн хүртэл сунгасан. Гэхдээ энэ бол хатуу тогтоосон хугацаа биш. Иргэдийг идэвхижүүлэх үүднээс хугацааг ингэж товлож байсан бөгөөд улсын хэмжээнд 10 дугаар сарын нэгэн хүртэл илрүүлэг шинжилгээ үргэлжлэх ажээ.
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ