150 гаруй тонн төмс хураан авахаар урьдчилан тооцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-18 13:41:01
Дундговь /МОНЦАМЭ/. Төмс, хүнсний ногоо тариалагчид ургацаа хураан авч байна. Энэ жил урьд жилүүдийг бодвол оройтож орсон ч гэсэн хур тунадас харьцангуй ахиутай, ургац сайн байгааг тэд хэлж байна. Иргэд ч орон нутгийнхаа хөрсөнд тарьсан ногоог худалдан авах эрэлттэй байгаа нь ногоочдод урам нэмжээ.  

Өнгөрсөн хавар Дундговь аймагт 146 иргэн, аж ахуйн нэгж нийт 114 га талбайд тариалалт хийсэн. Үүний 60.7 га-  нь төмс, хүнсний ногооны тариалалт бөгөөд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 5 га- гаас 24 тонн төмс, хүнсний ногоо хураасан гэдэг мэдээллийг аймгийн ХХАА- н газраас өгсөн  юм.

Энэ жилийн хувьд төмс тариалсан талбай урьд оныхоос 16 хувиар, хүнсний ногооных 26 хувиар тус тус өссөн байна. Тариалалт хийсэн талбайгаас  7.8 га- гийн ургац алдсан гэж тооцоолж байгаа бол бусад талбайгаас 155 тонн төмс, 72 тонн хүнсний ногоо хураан авах урьдчилсан мэдээг гаргажээ.

Тариалсан ургацад  энэ зуны байгаль цаг уур таатай нөлөөлөл үзүүлсэнд тариаланч иргэд олзуурхаж байна. Тэдний нэг Сайнцагаан сумын 7- р багийн иргэн Р. Мужилтай уулзахад,  “Бид ногоогоо эрт тарьсан. Бороо оройхон орсон ч цэнэг усалгаагаа сайн хийж байгаад хур тунадастай залгасан. 2 удаагийн хүчтэй мөндөрт цохиулсан ч ургац сайн авч чадаж  байна. Нэг тонн төмс хураадаг талбайгаас  хоёр тонн гаруйг,  200 кг сонгино хураадаг  талбайгаас  400 кг- ийг авч байна. 30 гаруй жил ногоо тарихдаа ингэж өндөр ургац хураасан нь анхны тохиолдол болж байна” хэмээн ярилаа. Тэрээр төмс, 6 төрлийн хүнсний ногоо тарьсан байна. Нийт 6 тонн гаруй ургац хураан авна. Одоогийн байдлаар нэг тонн илүүг хурааж, хэрэглэгчдэд хүргэсэн гэлээ.

Орон нутгийнхаа хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоогоо тариаланч иргэд 1500- 2500 төгрөгийн үнэтэйгээр худалдаж байна.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ