Бэрх хотод Гал түймэр унтраах, аврах 42-р анги нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-16 19:30:55
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын харьяа Бэрх хот дахь Гал түймэр унтраах, аврах 42-р ангийн нээлт энэ сарын 15-ны өдөр боллоо.
 
Нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, Зүүн бүсийн төвийн ОБГ-ын дарга хурандаа А.Гантөмөр, Сүхбаатар аймгийн ОБГ-ын хурандаа Т.Энхбаатар, Хэнтий аймгийн ОБГ-ын дарга хурандаа Д.Батжаргал тэргүүтэй албаны бие бүрэлдэхүүн, ард иргэд өргөнөөр оролцлоо.

Сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол Улсад 17 шинэ анги байгуулагдаж байгаагийн нэг нь энэхүү анги юм. Тус аврах ангийг 2012 онд Засгийн газрын 250 дугаар тогтоолоор байгуулахаар шийдвэрлэж, 2013 онд суурийг нь тавьжээ. Санхүүгийн асуудлын улмаас 3 жилийн хугацаанд царцаж, 2016 онд дутуу байсан 682.7 сая төгрөгийг УИХ-аас шийдсэнээр үргэлжлүүлэн баригдсан байна. Нийт 2 тэрбум 89 сая төгрөгийн төсөвтэй баригдсан энэхүү гал унтраах, аврах чиглэлийн зориулалтын барилга нь 6 айлын орон сууцтай. Ой хээр, объектын түймэр унтраах зориулалтын 2  шинэ автомашинтай, техник хэрэгсэл, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Нийт 58 албан хаагчийн бүтэц, орон тоотой бөгөөд ОБЕГ-ын даргын 2017 оны Б\306 дугаар тушаалаар тус ангийн захирагчаар дэд хурандаа Төмөрийн Чулуунбаатар томилогджээ.

Зүүн хойд талын сумд буюу Дадал, Баян-Адрага, Норовлин, Батноров, Баян-Овоо сумдын ой хээрийн түймэр, үер ус, гамшиг ослын үед түргэн шуурхай ажиллах шаардлагын үүднээс тус анги байгуулагдсан юм. Зайлшгүй шаардлагатай үед баруун талын сумдад ч хүч нэмэгдүүлэн ажиллах боломжтой юм байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ