Сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-15 18:31:43
Архангай \МОНЦАМЭ\. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод “Сарлагийн аж ахуйд тулгамдсан асуудлууд ба төрийн бодлого” нэртэй сарлаг үржүүлэгчдийн улсын  зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулжээ. Уг зөвлөгөөнд Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, малчид гээд нийт 100 гаруй хүн оролцжээ.
 
Зөвлөгөөн нь Монгол сарлагийн үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, түүнийг гүйцэд ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, бэлчээрийг сэргээн сайжруулах замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагджээ. Мөн “Монгол сарлаг” үндэсний дэд хөтөлбөрийн талаар ч мэдээлэл өгчээ. Энэ зөвлөгөөн хамгийн анх арав гаруй жилийн өмнө Архангай аймагт болж байсан түүхтэй юм.

Энэхүү улсын зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, Монголын “Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” болон Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ