Цасанд боогдсон гэх гадаадын иргэдийг нисдэг тэргээр авч иржээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-14 00:27:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Алтай Таван Богд ууланд авиралт хийхээр явсан Израиль улсын таван иргэн нэг хөтчийн хамт цасанд боогдсон гэсэн мэдээллийг  өчигдөр өглөө 10:17 цагт аймгийн Цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр тэд энэ сарын 12-ны өдрийн 14:00 цагт Алтай Таван Богдын чиглэлд явсан бөгөөд тус уулаас 20 км-ийн наана автомашинаа үлдээж, цаашаа явганаар явсан байна.

Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан найм, тус аймаг дахь Цагдаагийн газрын нэг алба хаагч, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багийг 11.30 цагт гаргасан байна.  Эрлийн баг 18:05 цагт Алтай Таван Богд уулын байгаль хамгаалагчийн хяналтын цэг дээр хүрэлцэн очиход гадаадын таван иргэнийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171 нисдэг тэргээр авч явсан гэсэн мэдээллийг тэднийг авч явсан хөтөч нь өгчээ.

Жуулчдын нэгнийх нь биe тавгүйрхсэнээс гадаад иргэд ууланд гүйцэд авиралт хийгээгүй буцаж ирсэн байна. "Гадаадын иргэд цасанд боогдсон, саатсан зүйлгүй. Нисдэг тэрэг Ховд аймгаас хөөрсөн байна" гэж  Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ