Булгийн эхийг хашиж хамгаалахад иргэд идэвхтэй хандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-12 12:34:34
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын байгаль хамгаалах нөхөрлөлүүдээс булгийн эхийг хашиж хамгаалж байна.

Шанх багийн “Дулаан хайрхан” байгаль хамгаалах нөхөрлөлөөс 767 мянган төгрөгийн төсөл бичин “Далайн булаг”-ийн эхийг хашиж хамгааллаа. Мөн “БЭХ” ХЗХ-оос 15 жилийнхээ ойн хүрээнд 1,220 мянган төгрөгийн санхүүжилтээр Шанх багийн нутаг, Өлзийт голын Сайн шандын булгийн эхийг, Жалбаа багийн нутаг, Их эрээн уулын Ар хадатын булгийн эхийг тус тус хашиж хамгаалаад байна. Мөн сумын Дугуйн холбооны гишүүд, ОХБЦГХЗахиргаа, сумын байгаль хамгаалагч нартай хамтран Орхон багийн нутаг, Баянзүрх хайрханы бэлчирийн рашааны хамгаалалтын хашааг сэргээн засварлажээ.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас илүүтэй мал, амьтан, хүний сөрөг үйлдлээс шалтгаалан орон нутгийн гол нуур, булаг шанд олноор ширгэж хатах аюул нүүрлээд байгаа юм. Тиймээс булаг, рашааны эхийг хашиж хамгаалах нь ундрагыг хамгаалаад зогсохгүй, булаг орчмын экосистемийг, усны орчныг бүхэлд нь бохирдол, талхагдлаас хамгаалах ач холбогдолтой. Уг ажилд иргэд гар бие оролцож, хичээл зүтгэл гаргаж байгаа нь талархууштай явдал юм.
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ