Тариалан эрхлэлтийг дэмжих Сэлэнгэ салбар будаагаа хүлээж авахад бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-11 20:53:20
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тариалан эрхлэлтийг дэмжих Сэлэнгэ салбарын хувьд Алтанбулаг, Ерөө, Жавхлант, Хүдэр, Шаамар, Хушаат, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур зэрэг сумдын тариаланчдад дэмжлэг хөнгөлөлт үзүүлж, намрын үрийн будааг нөөцлөн авдаг байна.

Тус сангийн тухайд 18 мянган үрийн будаа нөөцлөх эльватортой. Эднийх өнөөдөр автопүү, лабораторийн багажийн засвар үйлчилгээ, ариутгал цэвэрлэгээ зэрэг ажлаа дуусгаад будаа хүлээн авахад бэлэн болжээ. Өнгөрсөн хавар ТЭДС-гаас тариаланчдад 4.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих Сэлэнгэ салбарын хувьд ургац хүлээн авалтийн энэ жилийн бэлтгэл ажлаа үндсэндээ дууссан гэнэ. Тодруулбал эльваторийн урсгал завсарын ажлаа дуусч, агуулахуудад ариутгал цэвэрлэгээг мэргэжлийн байгууллагуудаар бүрэн хийлгэсэн байна. Мөн автопүү болон хэмжих төхөөрөмжүүдээ стандарт хэмжилзүйн төвөөр баталгаажуулаад байгаа аж. Түүнчлэн аж ахуйн нэгж, иргэдээс будааг тээвэрлэж авдаг тээврийн компаниудын сонгон шалгаруулалтыг зарлаж хоёр компанийн ирүүлсэн материалыг салбарын яам болон тус байгууллагаас оролцох ажлын хэсэг сонгон шалгаруулж байгаа гэнэ.

Тус сан тариаланчдыг хавар тариагаа тарьж эхлэхээс нь эхлээд намар хурааж авах үеүдэд 30-50 хувийн дэмжлэг хөнгөлөлт үзүүлдэг байна. Энэ жилийн хувьд тарих үр, бордоо, ургамал хамгааллын бодис, гривцид, хаврын тариалалтын шатахуун, уринш боловсруулалтын шатахуун дэмжлэг үзүүлсэн байна. Одоо хураалтын шатахууны дэмжлэг үзүүлж эхэлжээ. Энэ жилийн тухайд нийт 4.4 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүний 1.5 тэрбум нь урьдчилсан байдлаар төлөгдсөн байна. Харин 2.8 тэрбумийг нь хурааж авсан будаанаас нь хүлээж авахаар тооцоод байна хэмээн ТЭДС-ийн Сэлэнгэ салбарын эрхлэгч М.Доржханд ярилаа.
Сэлэнгэ аймаг улсын улаан буудайн 50 гаруй хувийг дангаараа нийлүүлдэг газар тариалангийн гол бүс нутаг. Энэ жил тус аймгийн 285 аж ахуйн нэгж, 350 мянган га-д тариалалт хийснээс 151 мянган га-д улаан буудай тариалжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ