2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-06 17:54:41

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тус байнгын хорооны 2015 оны 18 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Уг ажлын хэсгээс боловсруулсан санал дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг танилцуулав.

Тэрбээр, төсвийн гол үзүүлэлтүүдийн нэг болох ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хэмжээг Засгийн газраас өргөн барьсан төслийн дагуу 3.3 хувь байхаар төслийг боловсруулав. Мөн төсвийн орлогыг өргөн барьсан төслөөс 30.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ нь төрийн албан хаагчдын цалинг бууруулах асуудлыг хууль санаачлагч татан авсантай холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар зэрэг орлогууд эргэн орох болсонтой холбоотой юм. Мөн энэхүү цалин бууруулаагүйтэй холбоотой өөрчлөлтөөс шалтгаалан урсгал зардлыг 138.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын зардлыг 92.2 тэрбум төгрөгөөр бууруулж төслийг боловсрууллаа хэмээн танилцуулав.

Ингээд гишүүдийн асуулт, тодруулгын дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Холбоотой мэдээ